Түргэн тоглолтын улсын аваргууд тодорлоо

641

Монголын даамын холбооноос блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 1-2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгууллаа. Түргэн тоглолтын эдгээр төрлүүд нь 5-15 минутын хугацаанд тоглодог онцлогтой бөгөөд энэ тэмцээнээс олон улсын чансаа тооцсон юм. Мөн амжилттай оролцсон тамирчид ирэх жил Латви, Голланд улсад зохиогдох ДАШТ-д тоглох эрхийг авсан.

Тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолтод эрэгтэй 52, эмэгтэй 28 тамирчин өрсөлдлөө. Швейцарь системээр 9 тавил тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс адилхан 14 оноотой дөрвөн тамирчин гарч, коэффициентийн зөрүүгээр ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) тэргүүлж, ДДХМ Ц.Хашчулуун (Дебют), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нар удааллаа. Харин эмэгтэйчүүдээс өсвөрийн ДАШТ-ий блиц тоглолтын алтан медальт ДМ Б.Есүй (Монгени) 15 оноогоор аваргалж, ДАШТ-ий мөнгөн медальт СМ Б.Мишээл (84-р сургууль) 13 оноо, энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга ДДХМ Б.Мөнхжин (Хасу-Мегастарс) 12 оноогоор удааллаа. Ахмадын ангилалд СМ Л.Гансүх (БЗД), СМ П.Лхагвасүрэн (Хэнтий), хөвгүүдийн ангилалд СМ С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс), охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) нар тусгай шагналын эзэд болцгоожээ.

Тэмцээний рапид буюу түргэн тоглолтын төрөлд эрэгтэй 58, эмэгтэй 28 тамирчин өрсөлдсөн. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 15, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 14, ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) 13, эмэгтэйчүүдээс СМ Б.Мишээл (84-р сургууль) 14, ДДХМ Б.Нандинцэцэг (Victory) 14, ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС) 13 оноогоор медальт байранд шалгарлаа. Тусгай шагналыг хөвгүүдээс СМ С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс), охидоос СМ Б.Анужин (Хасу-Мегастарс), ахмад тамирчдаас СМ Н.Баярсайхан (Өвөрхангай), СМ Л.Гансүх нар хүртсэн байна.      

Блиц, рапид тоглолтын УАШТ-ийг Ч.Анххишиг захиралтай “Шилмэл мах” ХХК ивээн тэтгэсэн юм. Чансааны оноо олгох цувралын сүүлчийнх нь болох энэхүү тэмцээний дараа “Final 2018” оны шилдэг даамчныг шалгаруулах шувтаргын тэмцээнд оролцогчдын нэрс тодрох юм.

Дэлгэрэнгүй дүн

Блиц. Эрэгтэй

Блиц. Эмэгтэй

Рапид. Эрэгтэй

Рапид. Эмэгтэй