П.Бат-Очир: Бид анхны даамаа бургасаар хийж билээ

791

Монгол Улсад даамын спортын анхны шанг таталцаж, монголчууд энэхүү спортоор дэлхийд данстай болох хүртэл 50 гаруй жил тоглож, үе үеийн даамчдад хань, түшиг болж яваа, спортын мастер, УАШТ-ий хүрэл медальт, ахмадын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гуравтай, 2016 оны Азийн ахмад даамчдын аварга П.Бат-Очирыг ярилцлагад урьсан юм. 

Нас 70 гарсан ч алхаа гишгээ хөнгөн, яриа хөөрөө цэгцтэй тэрбээр сайхан түүх сонирхуулж, даамын спортод дурлуулж орхив.

-Та даамчин болсон түүхээсээ ярих уу?

-За, тэгье. Энэ түүх 1965 оноос эхэлнэ. Би Дуурийн театрын симфони найрал хөгжимд нарийн бүрээчээр ажиллаж байсан юм.

-Ус сувгийн инженер гэж сонссон. Хөгжимчин байсан гэв үү?

-Тийм ээ. Адал явдал мундах биш дээ. Би Ховд аймгийн Дарви сумын уугуул. Аймагтаа дунд сургууль төгсөөд байтал ХБДС-д оюутан элсүүлж авах гэж байна гэхээр нь шалгуулсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндорж багш “Тэнцсэн, Улаанбаатарт очиж хөгжмийн сургуульд сураарай” гэснээр тус сургуульд элсэж, үлээвэр хөгжимчин болоход Дуурийн театрт хуваарилсан юм. Энэ нь 1965 он. 

Театрын хөгжим ангийн дарга цохивор хөгжимчин Д.Жамсран бид хоёр шатар нүүдэг байлаа. Манай хүн нэг өдөр “100 буудалт даам гэж байх юм. Дуучин Д.Жамъянжав зааж өглөө, хоёулаа суръя” гэж байна. Тэгэхээр нь сонирхоод, даамаа өөрсдөө бэлтгэж аваад сууцгаасан. Хөгжим бүжгийн сургуулийн найз Алагаагийн маань аав мужаан. Ахад хэлж, хөлөг хийлгэлээ. Мод шахаж байгаад их цэвэрхэн хийж өгсөн. 

Тухайн үед стандарт 50 см-ийн, өргөнтэй байсан юм билээ. Одоо бол 45 см. Гэтэл мужаан ах 60 см-ээр хийчихэж. Тийм болохоор их хүнд ээ. Даамыг нь яаж хийсэн бэ гэхээр, симфони найрлын хөгжимчдөө дайчилсан. Хоёр найзтайгаа явж бүдүүн бургас түүж ирээд, хөндлөн олон жижиг болгон тайрч, бэлдэц болгоод хөгжимчдөдөө нэг хэмжээгээр зүлгэж, янзлуулахаар тарааж өглөө. 

Манайхан бидэнд туслах гээд эрэгтэй, эмэгтэйгүй жигтэйхэн идэвхтэй, нямбай гэгч нь зүлгэж өглөө. Даамтай болсон хүмүүс тоглож эхлэлгүй яах вэ. Д.Жамъянжав орж ирнэ. Гурвуулаа нэг хэсэг нүүж байтал хөгжимчин, бишгүүрийн А.Шижээ нэмэгдсэн. Одоо 80 гарсан, хамгийн ахмад даамчин даа.

-Дуурийн алдарт дуучин Д.Жамъянжав даам яаж сурсан юм бол?

-Оросуудаас сурсан болов уу. Удалгүй өөр хаана тоглож байгааг сураглахад Төмөр замд, Зүтгүүрийн депогийн инженерүүд нүүдэг сураг гарлаа. ЗХУ-аас ирсэн мэргэжилтнүүд маш сайн тоглодог, тэд хамт ажилладаг монголчууддаа зааж өгсөн гэсэн яриа байв. 

Тэнд халз тэмцээнтэй гэхээр нь бид очлоо. Б.Амарсанаа, Ц.Сандууз гэдэг хоёр хүн сайн тоглодог гэдгээс өөр мэдээлэлгүй. Хоёр найзаасаа өөр хүнтэй тоглож үзээгүй, 20 нас хүрээгүй хүү очиж байгаа хэрэг. Тэгсэн том түлхүүр барьсан, ажлын хувцастай, халзандуу толгойтой, намхан хүн ирлээ. Мань эр цагаанаар эхэлж нүүх ёстой байсан юм. 

Гэтэл нүүдэггүй ээ. Суугаад л байх юм. Тэгэхээр нь би “Ах аа, таны нүүдэл” гэлээ. Тэгээд ч нэмэргүй, суугаад байв. Удалгүй бага зэрэг жуумалзсанаа нүүж билээ. Тэр хүн хожим мундаг мастер болсон Төмөр замын төдийгүй Монголын анхны даамчдын нэг Б.Амарсанаа инженер байсан юм.

-Анхаарлаа төвлөрүүлэх гээд суугаад байж дээ?

-Тийм. Даамчид нүүхээсээ өмнө биеэ цэгцэлж, сэтгэл санаагаа бэлдэж, анхаарлаа төвлөрүүлдэг. Аль ч спортод тийм байх. Дараа нь Барилгын зургийн институт, Хэвлэлийн комбинат зэрэг байгууллагад даам дэлгэрсэн.

-Та ажлынхаа хажуугаар тоглож байжээ. Таны үеийнхнээс энэ спортод амьдралаа зориулсан, өөрөөр хэлбэл, мэргэжлээ орхиод, орж явчихсан хүн байдаг болов уу?

-Монголд даамын спортод хамгийн их хугацаа зарсан хүн бол Т.Пүрэвдорж. Геологийн яаманд ажилладаг байснаа гараад, энэ спортыг амьдралаа болгосон хүн. Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгээс авхуулаад олон сайн шавь төрүүлсэн багш.

Би урлагт хэн аль хэр явна, төр үнэлж, гавьяа цол олгох болсон, эсэхийг андахгүй шүү дээ. Тэр утгаар харахад, мөн даамын спортод хэн, юу хийв гэдгийг аваад үзэхэд ч гэсэн Т.Пүрэвдорж энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн, байгуулсан гавьяатай. Шагнаж, урамшуулах цаг нь болсон доо.

-Та Монголын даамын холбооны гишүүн байх. Холбоо хэр сайн ажиллаж байна гэж үздэг вэ?

-Залуучууд холбоогоо сайн авч явдаг. Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, Р.Манлай, Д.Баттулга, О.Түвшинболд гэсэн олон улсын их мастеруудтай боллоо. Манай холбоо 300-400 хүнийг хамарч үйл ажиллагаа явуулж байна. Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зэргээ цаг тухайд нь явуулдаг. Ер нь ажил нь сайн байгаа л гэж хэлнэ дээ.

-Бид 100 буудалт даамын тухай ярьж байна. 64 буудалт гэж байдаг. Үүгээр тоглодог хүн байхаа больсон уу?

-Манайд тоглох нь ховор. Дэлхийд ч нэг их сонирхдоггүй. Харин Орост маш том тэмцээн болдог. Орос даам гэж нэрлээд, шатраас илүү, хэдэн саяар яригдах шагнал, урамшуулалтай тэмцээн явуулдаг юм билээ. Сүүлийн үед манайхан бас анхаарах төлөвтэй. Энэ жил энэ төрлөөр улсын аваргын тэмцээн зохион байгуулна.

-Олон жил даам тоглосны хувьд энэ спорт ямар ач холбогдолтой гэж хэлэх вэ?

-Бүдүүлэг жишээ авъя л даа. Би хүнтэй хэрэлдэх болбол нэлээд олон үг хэлснийх нь дараа бодож бодож, жинтэй хэдэн үг хэлнэ. Учир зүггүй зэрэгцээд хашхирахгүй. Хүлээцтэй хандаж байгаа биз. Тэгэхээр даам тоглодог хүн анхаарлаа, бодлоо төвлөрүүлж сурдаг. Сууж сурна. 

Дэлхийн аваргын уртын тоглолтын нэг талын хугацаа хоёр цаг 30 минут. Нийлээд таван цаг хөдөлмөрлөнө. Явуут дунд нь өөрийнхөө цаг явж байх хооронд гараад бие засах, энэ тэр юм оролдож, биеийн чилээ гаргах, тамхи татах зэрэг чөлөөтэй болохоос маш удаан хугацаанд оюун ухаанаа дайчилж өрсөлддөг хатуу спорт. 

Хашчулуун гэж Дэлхийн даамын холбооны мастер, их ирээдүйтэй хүү бий. Тэр одоогоос дөрөв, таван жилийн өмнө жаахан хүүхэд байсан юм. Ёстой өрөмний өт шиг хөдөлгөөнтэй байж билээ. Хэзээ хүн болж, даамны ард суух бол гэж боддог байлаа. Гэтэл одоо тэс өөр болсон. Таван цагийг маш үр бүтээлтэй өнгөрөөдөг. Одоо өөрөө дугуйлан ажиллуулдаг. Даам гэдэг ийм хэрэгтэй. 

Энэ спорт сэтгэн бодох чадвар дээшлүүлдэг, харилцааны соёлд сургадаг, бие биеэ хүндэтгэж сурдаг. Хожигдоод минчийтлээ улайгаад, уйлаад гараад явдаг байсан хүүхдүүд удалгүй хожигдсон ч, гар бариад сайхан инээгээд явдаг болдог. Биеэ барьж чаддаг болдог. Харахад суугаад л байдаг болохоос дотоодод байлдаан болж байдаг юм. Тоглолтын таван цагт өөр юм бодох тухай ойлголт байхгүй.

-Ядардаг уу?

-Ядарна. Тоглож байх үедээ ерөөсөө анзаарахгүй, дууссан хойноо мэддэг.

-Даам хаанаас гаралтай юм бэ?

-Францаас гаралтай гэдэг. XVI-XVII зууны үед юм билээ, тус улсын нэгэн гүн шоронд сууж байжээ. Тэр нөхөр талхаараа даам хийгээд, ганцаараа бодоод нүүж суухыг харгалзагч нь харсаар байгаад, татагдаад, сүүлдээ нийлж тоглодог болжээ. Энэ цаг үеэс даам үүссэн гэдэг.

-Та тэмцээнтэй үед тоглодог юм байна. Бусад цагт юу хийдэг вэ?

-Одоогоор ном орчуулж байна. Алсын зайны тоглолтын дэлхийн хоёр удаагийн аварга П.Агафоновын “Олон улсын даамын гарааны сургалт” гэдэг ном орчуулж байна. Манайд “Гараа” гэсэн ном байдаггүй юм. Дэлхийд бол бий. Манайд гарааны онол дутагддаг. 

Энэ номыг бараг 30-аад жилийн өмнө худалдаж авсан хэрнээ тогтож судлаагүй юм байна. Гэтэл хамгийн хэрэгтэй, манай даамчдад дутагдаад байгаа онол гарын дор байж байх юм. Орчуулж суухдаа үүний хажуугаар юу хийж явсан юм бол оо гэж бодогдох үе олон байсан. Бас И.Куперманы “Байрлалын тоглолт”, мөн түүний “Тактик” гэсэн номуудыг орчуулсан. 

Өмнө нь Голландын нэртэй даамчин, онолч Мозерын “Даамын төгсгөл” гэдэг номыг тамирчид, сонирхогчдод хүргэсэн. Дэлхийн, хамгийн шилдэг төгсгөлүүдийн тухай бүтээл л дээ. Даамын тоглолтын гайхамшигтай төгсгөлүүдийг 100 жил болоод л жагсааж бичиж ирж. Зохиогч энэ номдоо 200 жилийн шилдэг төгсгөлүүдийг багтаасан байдаг юм.

-Математик сэтгэлгээ сайтай хүн даам сайн тоглодог гэх юм билээ. Та юу гэж үздэг вэ?

-Математикт сайн хүүхдүүд шатар, даам хоёроор хичээллэдэг.

-Хөгжмийн ухаан бас тусалдаг бололтой.

-Магадгүй.

-Та даамаар дагнасан бол олон улсад нэлээд сайн явах байсан юм биш үү?

-Мэдэхгүй ээ. Дэндүү их хөдөлмөрч, илүү нарийн ухаантай хүмүүс нь дэлхийд гарч ирдэг, аварга болдог байх. Надад тийм нарийн ухаан заяагаагүй байх аа. 2000-аад он шиг санаж байна. Даамын УАШТ-д зочин тоглогчоор ирсэн В.Щеглов гэж олимпын хоёр удаагийн аварга ОХУ-аас ирсэн юм. 

Тэр тамирчдын тоглохыг харж явлаа л даа. Маргааш нь хүмүүст бүгдэд нь алдааг нь хэлж өгч байж билээ. Хүмүүсийн өргийг маш хурдан өрөөд, яавал хожиж болох байсан тухай хэлж өгч байсан. Яаж хүн бүрийн өргийг санаж байна вэ, гайхмаар. 

“Чамд ийм цохилт байсан, гэтэл чи хараагүй шүү дээ” гэх зэргээр юун дээр алдсаныг нь хүн бүрт хэлж өгч байлаа. Ой ухаан тийм сайтай хүмүүс хоорондоо тоглоод аль нэг нь аварга болдог гээд бодохоор оюуны өндөр чадавх шаарддаг спорт байгаа биз.

-Лут юм аа. Олон улсад алдартай хэн хэн гэдэг даамчин байдаг вэ?

-Дэлхийд голландчууд, оросууд ноёлсоор ирсэн. Одоо ч тэр. Ноднин манай улсад болсон цомын тэмцээнд дэлхийн 10 удаагийн аварга А.Р.Чижов ирж тоглолоо. Харахаас ухаантай тэр хүнд аль болох ойртох далим гаргаж, зургаа хамт авхуулж байлаа. Өөр олон аварга бий дээ.

-Голландчууд, оросууд яагаад илүү байна?

-Уламжлал болоод сургалтын чанарт байна уу гэж хардаг. Хятадууд яагаад одон бөмбөгт илүү вэ гэвэл сургалт сайтайнх. Алдарт А.Р.Чижов БНХАУ-д урилгаар тав, зургаан жил багшилсан. Хятадын даамчид удахгүй дэлхийн аваргын төлөө өрсөлдөж эхлэх байх. 

Хятадууд анх манайхаас Т.Пүрэвдорж нарын зургаан даамчин урьж багшлуулсан юм. Манай багш нар заахаа зааж, анхны мэдэгдэхүүн тавьж өгөөд ирсэн гэж боддог. Дараа нь Оросын болоод дэлхийн супер шилдгийг аваачлаа.

-Сургалтад гойд анхаарч байна даа.

-Спортод мэргэжлийн сургалтын зэрэгцээ сурган хүмүүжүүлэх ухааны арга зүй маш хэрэгтэй гэж боддог. Өөрсдийгөө жишээлж ярьж болно. Манай мастер Г.Ганжаргал болон Мөнхтуяа, Ганбаатар, Сараа гээд мундаг залуучуудын багш хөл муутай залуу байсан юм. Хүүхдүүдийг маш сайн сургадаг

. Хичээлээс нэг минут хоцроход хаалгаа тас гэж хаадаг хатуу. Хүүхдүүд нь их айна. Даам мэдэхгүй хэрнээ даамын ном барьж байгаад заадаг байсан юм билээ. Хооронд нь тоглуулж, өдөөсөөр байгаад хэдэн сайн хүүхэд гаргаад ирсэн дээ. Нэг удаа багш Улаанбаатарт болсон тэмцээний дараа шавь нартайгаа Хонхор руу алхжээ. 

Тэгэхэд багш нь спортын мастер Ганбаатарт үүрүүлээд явж байгаа хэрнээ чихийг нь хазаад байсан гэж байгаа. “Чи тиймхэн юмнаас болж хожигдоод байхдаа яадаг юм бэ” гээд хазаад явсан гэсэн. Багш нь хол замд ядарна гээд үүрээд явж байдаг, гэтэл хазаад явдаг.

-Шийтгэл үү?

-Тийм. Багш, шавийн үнэнч барилдлага гэж тэр. Сурган хүмүүжүүлэх ухаан, арга ч байна. Тиймээс дахин хэлэхэд аль ч спортод сургалт маш чухал. “Шавь” цогцолбор сургуулийн Нармандах, 42 дугаар сургуулийн Б.Чойжилсүрэн гээд хүүхдүүдэд даам сургахын төлөө чөлөө завгүй ажилладаг багш нарыг энд сайшааж дурдмаар байна.

-Театрын хөгжимчнөөс инженер болсноо яриач.

-Нарийн бүрээчээр ажиллаж байтал нэг найз маань “ЗХУ-д сургуульд яв, цэргийн академид явуулж өгье. Эхлээд цэрэгт яваадах” гэхээр нь хэлснээр нь цэрэгт явсан юм. Гэтэл намайг Дуурийн театрын хөгжимчин байсан учраас Цэргийн дуу бүжгийн чуулга руу шууд татчихсан.

Тэнд гурван жил ажиллаж, цэргийн хугацаа дуусгаад, хойд хөрш рүү сургуульд явсан. Цэргийнхэд нь чаддаггүй юм бол, энгийнд нь оръё гээд Свердловскийн Уралын политехникийн дээд сургуульд сурахаар явсан. Усан хангамж, сувагжуулалтын инженер гэдэг мэргэжилтэй болж ирээд Ус сувгийн удирдах газарт слесариар ажилд орж, мэргэжлийн ажлаа 35 жил хийгээд тэтгэвэрт гарсан. Нийслэлчүүдийг байсхийгээд ундны усаар дутааж байсан нөхөр чинь би шүү дээ (хөхрөв).

-Яагаад усаар дутаадаг байв?

-Одоогийнх шиг бүх юм бэлэн байсангүй. 1981 онд төгсөөд ирэхэд ундны усны гуравхан эх үүсвэртэй, гүний худаг цөөн, хөдөлгүүр, шахуурга бүрэн биш, олдохгүй, улсын хэмжээнд ч байдаггүй байв. Хойш нь захиалж цөөхнийг авна, тэр нь байнга ашиглахаар дорхноо эвдэрнэ. 

Нөөцтэй авчирч болдоггүй л байсан юм байх даа гэж одоо ч боддог юм. Нээрэн, Монголын даамын спортын хөгжлийн тухай дэлгэрэнгүй мэдье гэвэл манай Т.Пүрэвдоржийн бичсэн “Хөлөг дээр бичсэн түүх” гэдэг номд маш тодорхой бий.

“Өнөөдөр” сонин. 2019.03.18