Тэнцээ үгүй тэмцээн

726

Оны төгсгөлд Голландын Делфт хотноо шилдэг их мастерууд болох Алексей Чижов, Александр Георгиев (хоёул ОХУ), Мартин ван Айзендорн, Ян Гронендейк (хоёул Нидерланд) нарын оролцож буй сонирхолтой тэмцээн болж байна. Энэхүү топ зэрэглэлийн тэмцээний онцлог нь өрсөлдөгчид богиносгосон цаг (20 минут + 15 секундын бонус)-аар гурван тойрог өрсөлдөх бөгөөд хамгийн сонирхолтой нь тэнцээ гэж үгүй гэнэ. Өөрөөр хэлбэл тоглолт бүрт ялагч тодрох бөгөөд хөлөг дээр тэнцээний байрлал үүссэн ч материалын давуу талыг нь харгалзаж 9:1, 8:2, 7:3 оноонуудыг өгөх юм. Тэр ч байтугай хүү, даамын харьцаа тэнцүү байсан ч гол шугамаа эзэлсэн тоглогч 6:4 харьцаагаар хожих дүрэм үйлчилнэ. Харин өрсөлдөгчийнхөө хүүг идэж дуусгах буюу нүүдэлгүй болгосон тохиолдолд 12:0-ээр ялах учиртай. Одоогоор ийм ялалтыг ганцхан А.Чижов байгуулаад байна. Баасан гариг (12.27)-т болсон эхний тойргийн 2 дахь тоглолтод тэрбээр А.Георгиевыг 65 дахь нүүдэл дээрээ буулгаж авсан юм. Дээрх зуун хувийн хожлынхоо ачаар хамгийн ахмад оролцогч (55 настай) маань эхний тойргийн дараа тэмцээнийг 25 оноотой тэргүүлж эхэллээ. Хүснэгтэд түүний ард Айзендорн, Георгиев нар 13, Гронендейк 11 оноотой бичигдэж байна. Хоёрдугаар тавилаа 0 оноотой дуусгасан Георгиевын хувьд сүүлчийн учраа Гронендейкийг 9:1-ээр илүүрхэж алдаагаа бага зэрэг цайруулж чадсан. Супер тэмцээний хоёрдугаар тойрог бямба гаригт, шийдвэрлэх гуравдугаар тойрог ням гаригт болох ажээ. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл болон Live өргийг http://dampromotie.nl/jml/index.php холбоосоор үзнэ үү.