Бид даамын спортыг урлаг гэж ойлгодог

1006

Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, спортын мастер Б.Анужин нар ихэр. Тэд багаасаа оюуны спортоор хичээллэж, тэмцээнд амжилт гаргасаар иржээ. Тухайлбал, Б.Мөнхжин 2014 онд Эстонийн нийслэл Таллинд зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль өвөртөлсөн. 2019 онд Б.Анужин Туркийн Измирт зохион байгуулсан өсвөрийн ДАШТ-ий хурдан тоглолтын (блиц) төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээнд тэд хүчтэй өрсөлдөгч, харин бэлтгэлийн үед хамгийн сайн зөвлөгч болдог. Даамчин охид анх “Шавь” клубийн дасгалжуулагч Р.Нармандахаар заалган, дараа нь “Хасу мега старс” клубийн багш, ОУИМ Д.Баттулга, өдгөө “Алтан хүү” клубийн багш ОУИМ Р.Манлайгийн удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж байна. Тэднийг “Шинэ танил” буланд урьж, ярилцав.

-Даамын спортод хэрхэн дурлаж байв. Хамгийн анх тэмцээнд оролцож, хөлөг дээр тулалдсан дурсамжаасаа хуваалцаач.

Б.Анужин: -Бид “Шавь” цогцолбор сургуульд сурдаг. 2012 онд эмээ минь тус сургуулийн даамын дугуйланд оруулж байв. Хоёр сар хичээллээд л завсарласан. Тэгтэл Р.Нармандах багш эмээтэй холбогдож, биднийг оюуны спортод буцаан авчирсан юм. Тэр жилдээ дүүргийн АШТ-д оролцохдоо мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, IV байр эзэлсэн. Бидний оролцсон хамгийн анхны тэмцээн тул сэтгэл их догдолсон.

Б.Мөнхжин: – Тухайн үед би тааруухан тоглосон. Б.Анужинг IV байрт шалгарахад миний шар хөдөлсөн шүү.

-Та хоёр өрсөлдөгчдөөсөө хэр их суралцдаг вэ?

Б.А: -Бид нэг сайн өрсөлдөгчтэй. Нэрийг нь дурдмааргүй байна. Бид гурав эн тэнцүү өрсөлддөг. Түүнийг эхлээд хождог байсан бол сүүлдээ хожигдох гээд байдаг боллоо. Өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлж, эн тэнцүү өрсөлдөх болсон түүнтэй тоглох бүртээ сургамж авдаг.

Б.М: -Би 2014 оны Азийн АШТ-д түрүүлсэн юм. Даамчид цагийн хяналттай тоглодог. Хэдий илүү байсан ч цаг нь унасан бол хожигддог дүрэмтэй. Тэр тэмцээнд II байрын төлөө Казахстаны даамчинтай монгол охин тоглосон. Манай даамчин сүүлчийнхээ нүүдлийг хийгээд цагаа дарах гэтэл Казахстаны охин гарыг барьж, цагийг нь унагаснаар хожигдсон. Өрсөлдөгчөө ялахын тулд тамирчид спортод заль гаргадгийг тэр үед ойлгосон. Үүнээс хойш тийм алдаа гаргахгүйн тулд үргэлж анхааралтай тоглодог болсон.

-Ширээний ард суугаад өрсөлдөгчөө харах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

Б.М: -Азийн АШТ-д голдуу Казахстан, БНХАУ, Узбекистаны даамчид оролцдог. 2014 онд болсон тэмцээнд Азийн хүүхдүүдтэй өрсөлдөхөд нэг их сандраагүй. Харин ДАШТ-д европчууд гаднах байдлаараа биднээс хавьгүй илүү байсан нь сэтгэл зүйн дайралт болсон. Тамирчинд өрсөлдөгч рүүгээ сэтгэлзүйн дайралт хийх нь бий. Би тэр тактикаа ашиглаж чадаагүй. Багш надад “Өрсөлдөгч бол өрсөлдөгч. Түүнд чиний ямар харагдах нь огт хамаагүй, оюун ухаанаараа тоглож хождог тул гадаад байдал нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Өөрийн арга барилаар л тогло” гэж хэлсэн. Тэрүгийг би байнга боддог.

-Нэгнийхээ өрсөлдөгч болсон тохиолдол олон байдаг уу?

Б.А: -Бид нэг ангилалд тоглодог тул тэмцээнд өрсөлдөгч болдог нь их хэцүү. Б.Мөнхжингийн тактикийг мэддэг болохоор тэнцдэг. Хааяа түүнийг хожно гэж шарлахдаг байлаа.

Б.М: -Намайг хождог хүчтэй өрсөлдөгч бол Анужин. 2019 оны УАШТ-д тоглохдоо тэрбээр надаас илүү оноотой байв. Медалийн төлөө түүнтэй тоглох нь ойлгомжтой байсан. Тэмцээний эхэнд, эсвэл төгсгөлд таарах уу гэдэг нь чухал. Ихэвчлэн эхний үед таардаг. ДАШТ-д Анужин намайг хожсон доо.

-Тэмцээнд өрсөлдөж байхдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Б.М: -Бид даамын спортыг урлаг гэж ойлгодог. Нэг дэх зарчим уран цохилт хийх, хоёрдугаарт нь байрлалын сайн нүүдэл тооцоолж нүүх, гурав дахь нь эсрэг талын цохилт болон байрлалын нүүдлийг анзаарах. Энэ гурван зарчмыг байнга санах хэрэгтэй.

-Санаа авах, зориг оруулах үгийг хэн нэгнээс сонсож байв уу?

Б.А: -2019 онд болсон ДАШТ-ий үеэр Р.Манлай багшийн “Ямар ч улсын тамирчинтай тоглосон шантралгүй, зоригтой, тайван тоглоорой, хөлөг дээр оюун ухаанаараа тулалддаг тул өрсөлдөгчөөсөө эмээх хэрэггүй” гэж хэлсэн үг урам өгсөн. “Хасу Мега старс” клубийн захирал Ж.Түмэн-Аюуш гуай биднийг 2015 оноос хойш ивээн тэтгэж байгаа. Түүнд маш их талархдаг. “Сайн байна, дараагийн тэмцээнд чи хичээвэл би ч хичээнэ. Аливаа спортоор хичээллэж байхдаа үр дүнг нь харах ёстой” гэж хэлдэг.

Б.М: -Украины их мастер В.Л.Мотричкогийн ярилцлагыг саяхан уншлаа. Түүний “Хөдөлмөр бол аз, чам руу ойртох хамгийн гол түлхүүр юм” гэж хэлсэн үгээс урам авсан.

Ярилцсан Г.Батцэцэг (“Өнөөдөр” сонин)