Монгол охид цомын эзэн болов

867

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахим хэлбэрээр зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын охид тодорлоо. Бүтэн хоёр сар үргэлжилсэн тус тэмцээний эхний шатанд 11 орны бүсгүйчүүд тойргийн журмаар тоглоход манайхан Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожив. Харин хагас шигшээд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар толгойлуулсан ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.

Ийнхүү аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт ОУИМ Ольга Федорович, хүрэл медальт ОУИМ Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Виктория Никалаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай тоглохоор боллоо. Хэдийгээр хэсэгтээ учраа таарахад манай охид 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байлаа.

Наймдугаар сарын 14-нд болсон финалын эхний тоглолтод Монголын баг 5:3-аар илүүрхэв. Гуравдугаар ширээнд тоглосон ДДХМ Б.Мөнхжин ялалт байгуулж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болсон юм. Гэвч наймдугаар сарын 15-ны хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, нэг, гуравдугаар ширээний тоглогчид маань хожигдох нь тэр. Харин шийдвэрлэх энэ мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорлоо.

Даамын хүчирхэг гүрнүүдийг ээлж дараалан сөхрүүлсээр түрүүлсэн Монголын багийн талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” гэх зэргээр дүгнэж байлаа.Монголын нэрийг дэлхийд дуурсгасан охидууддаа баяр хүргэе.

Монголын багийн бүрэлдэхүүн

1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070

2. Энхболдын ХҮСЛЭН – Дэлхийн даамын холбооны мастер, 2070

3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН – Дэлхийн даамын холбооны мастер, 2041

4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023

5. Баатархүүгийн МӨНХЖИН – Дэлхийн даамын холбооны мастер, 2020

6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005

7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ – Дэлхийн даамын холбооны мастер, 2001

8. Баатархүүгийн АНУЖИН – Спортын мастер, 1989