Т.Тансыккужинагийн дуулиант ялалт

1104

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх Тамара Тансыккужина (ОХУ), Наталия Садовска (Польш) нарын халз тоглолт дуулиан шуугиантайхан болж өндөрлөв. Өнгөрсөн жил ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотыг дамнан зохиогдох байсан ч ивээн тэтгэлгийн асуудлаас болж хойшлогдсон энэхүү дуэлийг Польшийн тал хүлээн авч, нийслэл Варшавдаа дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аваргын титмээ хамгаалж тоглосон Тамара Тансыккужинагийн хувьд дэлхийн аварга цолыг нийтдээ зургаан удаа хүртсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Якутск хотноо 16 тамирчин тойргоор өрсөлдөхөд түрүүлж байв. FMJD-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ОУМ Юрий Черток бол түүний нөхөр бөгөөд дасгалжуулагч. Гэхдээ энэ тэмцээнд түүнийг дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов дасгалжуулсан. Тэрбээр эртнээс нааш Башкирын даамчидтай хамтран ажилласаар ирсэн билээ. Харин аварга цолонд горилогч Наталия Садовскагийн тухайд өгүүлэхэд нас залуу цус шингэн ч (Тамарагаас 14 насаар дүү) халз тоглолтын арвин баялаг туршлагатай нэгэн. Тэрбээр 2016 онд Голландын Ольга Камышлееваг, 2018 онд Латвийн Зоя Голубеваг ялж, дэлхийн хошой аварга болсон юм.

Тоглолтын тоймыг танилцуулахын өмнө дүрэм журмыг тайлбарлах хэрэгтэй байх. Тэмцээний дотоод журам ёсоор халз тоглолт нийт 9 өдрийн тоглолтоос бүрдэх бөгөөд үндсэн тавилд хожилцвол 12:0, рапид тоглолтод хожилцвол 8:4, блиц тоглолтод хожилцвол 7:5, дээрх гурван тоглолтод тэнцвэл 6:6 оноо өгөх журмаар явагдсан.   

Нутаг дээрээ тоглож буй Польшийн даамчин тэмцээний эхний өдрөөс л санаачилгыг авч, рапид тавилд хожсоноор 8:4-өөр тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр, гурав дахь өдрийн тоглолтод тус бүр 6:6 тэнцсэн. Дөрөв дэх өдөр тоглолт ид дундаа үргэлжилж байхад Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Польш дахь салбараас зохион байгуулагчдад Оросын далбааг ширээнээс холдуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Олон улсын олимпийн хорооноос Оросын тамирчдыг “Токио 2020”, “Бээжин 2022” олимпийн наадмууд болон тив, дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд далбааныхаа дор жагсаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь хориглосон билээ. Мэдээж зочдоо хүндэтгэх үүднээс Польшийн тал уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөнгүй. Гэвч шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд FMJD-г WADA-гаас хасна хэмээн сүрдүүлжээ. Ингэсэн тохиолдолд Дэлхийн даамын холбооны ОУОХ, Sport Accord зэрэг спортын толгой байгууллагуудтай хамтын ажиллагаа нь автоматаар цуцлагдах юм. Ингээд арга буюу олон мянган үзэгчдийн өмнө ОХУ-ын далбааг FMJD-ийн далбаагаар солихоос өөр аргагүйд хүрчээ. Ядаж байхад Т.Тансыккужина тавилын төгсгөлд хүүхдийн гэмээр алдаа гаргаж хожигдох нь тэр. Мэдээж олон даам сонирхогчид, тэр дундаа оросууд үүнийг WADA-гийн бүдүүлэг шийдвэртэй холбон тайлбарласан. Ингээд Наталия 32:16 харьцаатай илт давуу байдалтай хошуучилж эхлэв.

Mecz o Mistrzostwo Świata Kobiet, Warszawa 2021

Гэвч Оросын их мастер жинхэнэ тамирчин хүний сэтгэлийн хатыг харуулж, хоёрдугаар хагасаас оноогоо нөхөж эхэллээ. Тэмцээний тав дахь тавилд өрсөлдөгчөө байрлалын шахаанд оруулж, улмаар цохилт хийж даам гараад 12:0-ээр хожсон бол долоо дахь өдөр блиц тоглолтод илүүрхэв. Бараг хоёр дахин илүү оноотой явсан Польшийн даамчин сүүлчийн өдөр ялимгүй давуутай (50:46) тоглолтыг эхлүүлсэн. Уг нь тэрбээр найм дахь өдрийн үндсэн тоглолтод хожоод шууд асуудлыг шийдчихэж болохоор байлаа. Даанч цагт орсны улмаас төгсгөлд хожлоо харсангүй. Хэдий тийм ч ес дэх тавилын үндсэн өрөгтөө тэнцэж дөнгөлөө. Бараг тоглолт болгондоо өрсөлдөгчийнхөө тэсвэрийг барж, төгсгөлд давуу байдал олж авч байсан Садовска одоо ганцхан тэнцэхэд л ялагч болно. Гэвч Тансыккужина шийдвэрлэх рапид тоглолтод 8:4 хожил авч, тэнцүүлж чадсан юм.     

Тоглолтын ерөнхий дүн 54:54 болж тэнцсэн, хоёр дахь шалгуур болох урт цагтай тавилд хэн нь илүү тоглосныг тооцох үзүүлэлтээр мөн л хэн нэгнээсээ илүү гарсангүй. Нийт 9 өдрийн тоглолтод стандарт, рапид, блиц тавилд тус бүр нэг удаа хожилцон, гурван өдөрт нь 6:6-аар тэнцсэн байлаа. Ингээд нэмэлт тоглолтоор аваргын хувь заяаг шийдэхээр болов. Тэмцээний удирдамж дээр 20 мин + 5 сек цагийн хяналттай хоёр удаа рапид тоглоод хожилцохгүй бол хэн нэг нь хожтол 5 мин + 3 сек-ийн блиц тоглох учиртай.

Өрсөлдөгчид тав дараалж тэнцээд зургаа дахь тавилд Тансыккужина цохилт хийн ялснаар цолоо хамгаалж чадлаа. Удаа дараа хожлоо алдаж, сүүлчийн мөчид өрсөлдөгчдөө тэнцүүлэх боломж олгосон Садовска 11 цагийн турш нервээ барьж, хэт их хичээж тоглосон нь сэтгэлзүйн хувьд ядрахад хүргэсэн бололтой Оросын даамчны урхинд орж хожигдлоо.

Дэлхийн аварга цолыг долоо дахь удаагаа хүртсэн Тамара Тансыккужинад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэж, Оросын “Матч ТВ”-ээр тэмцээний явцыг байнга мэдээлж байсан нь оросууд энэ ялалтад маш иха ч холбогдол өгч буйг илэрхийлэх биз ээ.