Хагас шигшээд өрсөлдөх даамчид тодорлоо

219

Монголын даамын холбооны 2024 оны эхний арга хэмжээ болох Насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Эрин Эверест интернэшнл” сургууль дээр болж өндөрлөсөн тус тэмцээнд спортын мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй 250 шахам тамирчин ухаанаа уралдуулав.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэй ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар (Повгор хүү ХХК), эмэгтэй ангилалд спортын мастер Ц.Цацрал (Алтан хүү клуб) нар аваргалав. Ангилал тус бүрийн эхний 30 байр эзэлсэн даамчид гуравдугаар сарын 20-24-нд болох улсын аваргын хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан байна.

Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр хөдөө орон нутагт даамын спортыг хөгжүүлэх үйлсэд гаргаж буй хүчин зүтгэлийг нь үнэлж спортын мастер Б.Одонбаатар (Дорноговь), I зэргийн тамирчин Б.Марзия (Ховд) нарт Монголын залуучуудын холбооны “Шилдэг залуу” медаль, өсвөрийн тамирчин Дэлхийн даамын холбооны дэд мастер З.Отгонсүрэн, дэд мастер М.Дөлхүслэн (хоёул “Сонгодог байрлал” клуб) нарт МДХ-ны 2023 оны шилдэг тамирчны шагналыг олголоо. Мөн Монголын даамын холбоо, “Эрин Эверест интернэшнл” сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Эрэгтэй (156 тамирчин):

  1. СМ Б.Пүрэвбаатар (БЗД, Повгор хүү ХХК) 16 оноо
  2. ДМ Д.Идэржавхлан (СХД, Сонгодог байрлал клуб) 15 оноо
  3. СМ Б.Батжаргал (ХУД, ББЖ мастер клуб) 14 оноо
  4. СМ Н.Түвшинбаяр (СБД, Ирээдүй клуб) 14 оноо
  5. СМ М.Оргил (СБД, Алтан хүү клуб) 14 оноо

Дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/tournaments/2024/f_46/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.

Эмэгтэй (92 тамирчин):

  1. СМ Ц.Цацрал (БЗД, Алтан хүү клуб) 17 оноо
  2. СМ Ч.Гоомарал (17-р сургууль) 15 оноо
  3. ДМ Э.Номунзаяа (Олонлог академи) 14 оноо
  4. ДМ Б.Ану (ЧД, 39-р сургууль) 13 оноо
  5. СМ Д.Наранмишээл (Хийморь хөлөг клуб) 13 оноо

Дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/tournaments/2024/f_47/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.