Нэгээр илүү бол мянгаар илүү

17

Камеруны Яунде хотноо гурван долоо хоног орчим үргэлжилсэн ДАШТ Нидерландын их мастер, 26 настай Ян Гронендейкийн ялалтаар өндөрлөлөө. Тэмцээний дунд үеэс гол өрсөлдөгч Слюмп, Айзендорн, Сипма нараас 1 оноо илүү болсон тэрбээр сүүлийн тавилд Конгогийн шинэхэн их мастер Мукенди Лютетег хожиход л бусад тоглолтоос үл шалтгаалан аваргалах боломжтой байлаа. Гэвч 10 дараалан хайнцаж, “Тэнцээний хаан” нэртэй болоод байсан Лютете энэ удаа ч дутуу байрлалаас яаж ийгээд тэнцээ рүү зугтаж чадсан. Харин Житсе Слюмп эцсийн мөчид шигшээ багийн анд Воутер Сипмаг хожсоноор Гронендейктэй оноо тэнцсэн юм. Медальд хүрэхийн тулд зөвхөн хожил хэрэгтэй байсан Сипма хэтэрхий эрсдэл гаргаж, өрсөлдөгчдөө бүх төвөө өгч, өөрөө бүсэлж тоглох гэж оролдсон боловч Слюмп төлөвлөгөөг нь тас цохиж орхих нь тэр.

Ийнхүү Ян, Житсе нарын оноо тэнцсэн ч коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр Гронендейк 139, Слюмп 138 болсон учир Гронингений их мастер хоёр дахь жилдээ дараалан дэлхийн аваргын алдрыг хүртлээ. Хүрэл медалийн төлөө бүх үзүүлэлт нь тэнцсэн Гунтис Валнерис, Мартин ван Айзендорн нар нэмэлт тоглолт хийж, хашир туршлагатай Латвийн их мастер ялалт байгуулснаар ДАШТ-ий цуглуулгадаа 1 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтай боллоо.