Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойд зориулсан өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн 2023 оны долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус суманд боллоо. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон Хэнтий, Дорноговь, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Дархан-Уул аймгийн эрэгтэй 47, эмэгтэй 28 тамирчин өрсөлдлөө. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал OУИМ цолтон 3, ДДХМ 2, ДДХДМ 3, спортын мастер 12, дэд мастер 14, зэрэгтэй тамирчин 19 байв.
Швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэй ангилалд ДДХДМ Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул) 13 оноогоор аваргалж, ДДХМ Д.Ганболд (Энэрэл) 12, ДДХДМ Ц.Цолмон (Алтан хүү) 12, ОУИМ Р.Манлай (Алтан хүү) 12, СМ Б.Батжаргал (ББЖ мастер) 11 оноогоор удаалав. Харин эмэгтэй ангилалд СМ Б.Анужин (Алтан хүү) 14 оноогоор ялагч болж, ОУИМ Э.Хүслэн (Алтан хүү) 13, СМ Ц.Цацрал (Алтан хүү) 11, ДМ Б.Ганхүү (Архангай) 11, ДМ А.Анужин (Хэнтий) нар удаалсан. Шагналт 1-5 дугаар байрны тамирчдыг 200-700 мянган төгрөгөөр байлсан юм.
Тусгай шагналыг өсвөрийн 11 хүртэлх насанд I зэргийн тамирчин Б.Энхриймаа (Дорноговь), ДМ Э.Эрхэмбаяр (Архангай), 14 хүртэлх насанд ДМ Д.Хонгорзул (Хэнтий), ДМ А.Мөнхбат (Архангай), 17 хүртэлх насанд ДМ А.Нарансолонго (Хэнтий), СМ М.Оргил (Алтан хүү), ахмадын 60 хүртэлх насанд СМ Б.Ганзориг (Алдар), 60-аас дээш насанд III зэргийн тамирчин Д.Итгэлжав (Хэнтий) нарт олголоо.