Д.Ганболд, П.Бат-Очир нар түрүүлэв

846

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. 26 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд нийт 41 ахмад даамчин оролцож, 51-64, 65-аас дээш гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн юм.

Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад 51-64 насны ангилалд өнөө жил тус тэмцээнд анх удаагаа оролцож буй ДДХМ Д.Ганболд 14 оноогоор аваргалж, сүүлийн таван жилд дөрвөн удаа түрүүлээд буй спортын мастер Л.Гансүх 13 оноогоор удаалан, дэд мастер Б.Баатарсүрэн гуравдугаар байр эзэллээ. Харин 65-аас дээш насны ангилалд спортын мастер П.Бат-Очир 13, Т.Пүрэвдорж 11, Д.Дорж 10 оноогоор медальт байранд шалгарав. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Баянхонгор аймгийн даамчин, дэд мастер Д.Мөнхзаяа тэргүүлж, спортын мастер М.Хишигбаяр удаалсан байна. Мөн энэ үеэр зохиогдсон түргэн тоглолт (блиц)-ын тэмцээнд мөн л ДДХМ Д.Ганболд тэргүүлж, спортын мастер Л.Гансүх, дэд мастер С.Энхээ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоолоо.

Ахмадын УАШТ-ийг 16 дахь жилдээ ивээн тэтгэсэн Ж.Нямдорж агсны хүү Н.Баянбатыг БТСГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр, улсын 3, ахмадын 4 удаагийн аварга, спортын мастер Л.Гансүх, хамгийн ахмад оролцогчдын нэг, өдгөө 78 настай спортын мастер Д.Дорж нарыг “Спортын алдар” одонгоор тус тус шагнасан юм.