Ц.Хашчулуун гран-при тэмцээний ялагч

778

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны долоо дахь тэмцээн Намрын гран-при өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. “Шавь” цогцолбор сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд 85 даамчин өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглоход ДДХМ Ц.Хашчулуун 15 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал 15, спортын мастер С.Мөнх-Оргил 14 оноогоор удаалан, ОУИМ Д.Эрдэнэбилэг, Р.Манлай нар 13 оноогоор “айрагдав”. Ц.Хашчулууны хувьд өмнөх тэмцээн буюу есдүгээр сарын 23-нд зохиогдсон блиц тэмцээнд мөн л аваргалаад байсан юм.  

Харин эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Мишээл, ОУИМ М.Нямжаргал, ДДХМ Э.Хүслэн тус бүр 12, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, дэд мастер С.Энхээ тус бүр 11, өсвөрийн 17 хүртэлх насанд охидоос спортын мастер Г.Дүүрэнбилэг 12, хөвгүүдээс дэд мастер М.Лувсандорж 13, 14 хүртэлх насанд охидоос дэд мастер Н.Лхагвадолгор 12, хөвгүүдээс спортын мастер Б.Энхрийлэн 12 оноогоор шагналт байранд шалгарав.     

Тэмцээнийг европ сантехник худалдааны “Нартын голомт” ХХК хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ.