ОУИМ Г.Ганжаргал түрүүлэв

854

Даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга Ц.Сандууз агсны нэрэмжит ЗҮТГҮҮРИЙН ДЕПО 2019 уламжлалт зуун буудалт даамын тэмцээн тавдугаар сарын 24-26-нд боллоо. 1974 оноос эхтэй тус тэмцээн сүүлийн дөрвөн жил завсарласны эцэст ийнхүү дахин сэргэсэн нь энэ.

Энэ жилээс эхлэн Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиогдох болсон тус тэмцээнд 98 тамирчин ухаанаа уралдуулсан. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) тэргүүллээ. Их мастерын хувьд энэхүү тэмцээнд өмнө нь 1996, 1998, 2000, 2004, 2005 онуудад түрүүлж байсан юм. Түүний шавь 15 настай спортын мастер Б.Мишээл (“Ирээдүй” клуб) олон улсын цолтнуудтай маш сайн тоглож, эмэгтэйчүүдээсээ хамгийн өндөр амжилтыг үзүүлэн, 14 оноогоор нээлттэй ангилалд удаалсан байна. Хүрэл медалийг спортын мастер Э.Энх-Эрдэнэ (“Дебют” клуб) мөн адил 14 оноогоор хүртсэн. Шагналт IV-VIII байрыг ДДХМ Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб), Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), ДДХМ Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), Д.Ганболд (“Энэрэл” клуб) нар эзэлсэн.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ДДХМ Б.Нандинцэцэг (“Victory” клуб), ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), өсвөр, залуучуудын U-20 ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль), Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), U-14 ангилалд П.Эрхэмбилэг (“Дебют” клуб), дэд мастер Б.Анужин (“Шавь” клуб), U-11 ангилалд Х.Өнөмөнх (“Ирээдүй” клуб), Д.Наранмишээл (“Ирээдүй” клуб), ахмадын ангилалд эрэгтэйчүүдээс спортын мастер Л.Гансүх (БЗД), Т.Пүрэвдорж (“Монгени” сургууль), Ч.Хишгээ (Орхон аймаг), эмэгтэйчүүдээс М.Хишигбаяр (“Хүч” спорт хороо), Депогийн тамирчдаас дэд мастер С.Батболд, I зэргийн тамирчин О.Отгонбаяр, II зэргийн тамирчин Х.Гантөмөр нар шагналын эзэд боллоо.  

Энэ үеэр БТСГ-ын “Алтан од” шагналыг Зүтгүүрийн депогийн ахмад даамчин, дэд мастер Р.Сум-Очирт, “Хүндэт тэмдэг” цол тэмдгийг аавынхаа нэрэмжит тэмцээнийг олон жил ивээн тэтгэж, зохион байгуулж буй С.Намхайд олгосон байна. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр УБТЗ-ын “Улаанбаатар” татах хэсгийн дарга П.Энхмөнх нэрт төмөр замчин, даамын спортын анхдагчдын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээнийг уламжлал болгон жил бүр ивээн тэтгэж, зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.  

Тэмцээний ДҮН-г үзнэ үү.