Т.Тансыккужингийн 6 дахь түрүү

639

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дөрвөн тивийн есөн орны шилдэг 16 тамирчин ухаанаа уралдуулсан. Манай улсаас Дорноговь аймгийн харьяат, “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Энхболын Хүслэн өрсөлдсөн бөгөөд 13 настай тэрбээр тус тэмцээний хамгийн залуу оролцогч байлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн Азийн АШТ-д амжилттай тоглож, дэлхийн томчуудтай “гар зөрүүлэх” эрхийг авсан юм. Тойргийн журмаар нийт 15 өрөг тоглож, дүнгээ гаргахад Э.Хүслэн 2 хожиж, 6 тэнцэн, 7 хожигдон, нийт 10 оноо авсан амжилтаар XIV байр эзэллээ.   

Харин тэмцээний ялагчаар ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина тодорсон. Башкиртостаны даамчин сүүлийн хоёр өрөгтөө Э.Хүслэн (Монгол), В.Мотричко (Украин) нарыг дараалан хожсоноор дэлхийн аварга цолыг зургаа дахиа хүртсэн нь энэ. Тэрбээр өмнө нь 2001, 2002, 2004, 2007, 2011 онд мөн аваргалж байжээ. Хоёр жилийн өмнө Эстонид зохиогдсон дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж байсан Айгуль Идросова (ОХУ) амжилтаа нэг шат ахиулж, мөнгөн медаль хүртсэн бол Беларусийн Дарья Федорович хүрэл медалийн эзэн боллоо хүртлээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн болон өргүүдийг ЭНДЭЭС сайтаас үзнэ үү.