М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

707

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.

М.Хишигбаяр нь даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин бөгөөд даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.