Э.Даариймаа охидын ангилалд түрүүлэв

794

БНХАУ-ын Шандунь мужийн Шинтай хотноо арванхоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд зуун буудалт даамын “Xintai Cup” олон улсын тэмцээн боллоо. Долоо дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд Монгол Улсаас 6 тамирчин өрсөлдөв.

Швейцарь системээр 9 өрөг тоглоход манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) үзүүлж, 12 оноо авлаа. Түүнтэй ижилхэн оноотой 11 тамирчин гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр Ц.Сүхбат эрэгтэй ангилалд 9-р байр эзэлсэн байна. Тэрбээр нэг байр урагшилсан бол шагналт байранд орох байв. Түүнчлэн ДДХМ Д.Ганболд (Энэрэл), СМ Ц.Эрдэмбилэг (Хийморь хөлөг), ДМ Э.Даариймаа (Ирээдүй) нар 10, ОУИМ Б.Мишээл (Ирээдүй) 9, ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү) 8 оноо авсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлжээ. ДАШТ-ий хүрэл медальт Э.Даариймаагийн хувьд охидын 14 хүртэл насны ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.

“Xintai Cup”-д Оросын их мастер Александр Гетманский 13 оноогоор аваргалж, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов 12 оноогоор удаалж, эмэгтэй ангилалд дэлхийн 5 удаагийн аварга Тамара Тансыккужина 12 оноогоор тэргүүллээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг https://results.fmjd.org/tournaments/2019/f_3102/final_standings&9.html холбоосоор үзнэ үү