Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, 2018 оны Ази тивийн залуучуудын аварга, Дэлхийн даамын холбооны дэд мастер Баясгалангийн Пүрэвжаргалыг алдаршуулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 2-нд төрөлх суманд нь зохиогдлоо. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөн бөгөөд спортын мастер цолтой 3, дэд мастер цолтой 2 тамирчин байв. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ДМ Э.Соронзонболд, СМ Б.Одонбаатар, I зэргийн тамирчин М.Онон, эмэгтэйчүүдээс СМ С.Энхтүвшин, Б.Ганбилэг, Мөнхшүр нар эхний гурван байрыг эзэлж, 40-80 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Тусгай шагналыг эрэгтэйчүүдээс О.Даваанямд, эмэгтэйчүүдээс Сарангэрэлд олгожээ. Зохион байгуулагчдын зүгээс тамирчдадаа зоог барьж, Эрдэнэ сумын удирдлагууд Ази тивийн аварга, ШУТИС-ийн Барилга архетиктурын ангийн I дамжааны оюутан Б.Пүрэвжаргалын сургалтын төлбөр болох 2 сая төгрөгийг мөнгөн аяга, өргөмжлөлийн хамт гардуулан өгсөн байна. Дашрамд сонирхуулахад Эрдэнэ сумын даамын багш Ц.Батбаатарын шавь нараас Ази тивийн аварга Д.Одонтуяа, Б.Пүрэвжаргал, улсын аваргын хошой мөнгөн медальт , Хасбанкны “Ирээдүйн саятан” тэмцээний аварга Б.Ганбилэг, улсын аваргын хүрэл медальт Б.Баярмаа, бүсийн тэмцээний медальт П.Нямцэцэг нарын олон шилдэг тамирчид төрөн гарчээ.
Азийн аваргадаа хүндэтгэл үзүүлэв
833