Уламжлалт тэмцээнийг сэргээлээ

564

Эрхүү муж – Монголын даамчдын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Иркутск хотын шатрын төв клубт зохиогдлоо. Тэмцээнд Эрхүү мужийн хоёр, Монгол, Буриадын багууд орос болон зуун буудалт даамаар өрсөлдөв. Эрхүү мужийн багийг Иркутск, Ангарск, Усть-Орд, Новонукутскийн багууд бүрдүүлсэн.

Дөрвөн баг тойргийн журмаар тоглоход Монголын баг нийлбэр дүнгээр 39 оноо авч анхны тэмцээний ялагчаар тодорлоо. Манайхан зуун буудалт даамын төрөлд боломжит 24 онооноос 22.5-ыг (21 хожиж, 3 тэнцсэн) авсан бол орос даамын төрөлд ч өрсөлдөгч багуудаа бүгдийг нь хожиж 16.5 оноогоор тэргүүлсэн юм.

Удаах байранд 29.5 нийлбэр оноогоор Эрхүү мужийн I баг, 16 оноогоор Эрхүү мужийн II баг, 11.5 оноогоор Буриадын багууд орлоо.

Уулзалтын төгсгөлд зохиогдсон блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ Р.Манлай, Денис Филатов, эмэгтэйчүүдээс ДДХДМ Б.Мишээл, ДДХМ Э.Хүслэн, СМ Е.Ариунзаяа нар медалийн эзэд болцгоов.

Тэмцээний үеэр хамтын ажиллагааны талаар тохиролцож, Монголын даамын холбооноос ирэх онд зохиогдох ТТДС-ийн нэрэмжит тэмцээн болон 64 буудалт даамын УАШТ-д тус бүс нутгийн даамчдыг оролцохыг урилаа.