5 ӨДӨР, 4 ТЭМЦЭЭН

466

Аялал амралтын улирал шувтарч, тэмцээн уралдааны “сезон” айсуй. Наймдугаар сарын сүүлчээр шил шилээ дарсан тэмцээнүүд даамчид та бүхнийг хүлээж байна.

Тодруулбал, энэ сарын 22-23-нд өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах СОРИЛГО тэмцээн болно. Тус тэмцээнд энэ жилийн өсвөр, залуучуудын УАШТ-ий 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд үндсэн төрөлд эхний 10 байр эзэлсэн тамирчид өрсөлдөх эрхтэй. УАШТ-ий болон сорилго тэмцээний оноог нэгтгэн, нийлбэр дүнгээр насны ангилалд бүртээ эхний гурван байр эзэлсэн тамирчид аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Беларусь улсад зохиогдох өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох эрхийг авах юм.

Сорилго тэмцээн өндөрлөсний дараа буюу 24-ний баасан гаригт 64 БУУДАЛТ ДААМ-ын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ жилийн тэмцээн орос даамын дүрмээр зохиогдоно. Цаашид тус тэмцээнийг жил бүр орос, бразил хувилбараар хоёулангаар нь зохиож, хил залгаа Буриад, Эрхүү мужийн даамчдыг урьж оролцуулахаар Монголын даамын холбоо төлөвлөж байна.   

Үүний маргааш нь буюу 25-ний бямба гаригт ТУРК ДААМ-ын улсын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

Харин 26-ны ням гаригт Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох тэмцээн түргэн тоглолт (рапид)-ын төрлөөр зохиогдоно. Эдгээр тэмцээнүүдийн удирдамжийг холбооны вэб сайт болон пэйж хуудсаар удахгүй танилцуулна.