Охидын баг VI байр эзэллээ

826

Польш улсын Хориньец-Здрүй хотноо даамын Өсвөр, залуучуудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний охидын ангилалд 10 баг тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд манайхан Литва болон Польшийн нэг, хоёрдугаар багийг хожин, Беларусь, БНХАУ, Латвитай тэнцэн, Эстони, ОХУ, Украинд дийлдэн 9 оноогоор VI байр эзэллээ. Нэгдүгээр ширээнд тоглосон ДДХМ Э.Хүслэн 8, хоёрдугаар ширээнд тоглосон СМ Б.Мишээл 10, гуравдугаар ширээнд тоглосон ДМ Н.Лхагвадолгор 8 оноо авсан байна. Охидын тэмцээний аваргаар ОХУ тодорч, Беларусь, БНХАУ-ын багууд мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.

Харин хөвгүүдийн ангиллын хагас шигшээ шатанд 14 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Манайхан хэсэгтээ Беларусь, Латви, ОХУ, Литвийн дараа буюу тавдугаар байр эзэлсэн тул “Final A”-д шалгарч чадсангүй. Хэдий тийм ч хоёрдугаар шатанд Эстони, Польш 1 багуудыг хожин, Польш 3-тай оноо хуваан “Final B”-ийн тэргүүн багаар тодорлоо. Монголын багаас нэгдүгээр ширээнд спортын мастер Б.Пүрэвжаргал 5, хоёрдугаар ширээнд СМ С.Мөнх-Оргил 10, гуравдугаар ширээнд СМ Б.Энхрийлэн 9 оноо тус тус авчээ. Тэмцээний ялагчаар Голландын хөвгүүд тодорсон бол ОХУ, Беларусийн багууд удаалжээ