Наталия Садовска: Дараагийн зорилго бол Европын аварга болох

723

Латвийн Ригад эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолт болж өндөрлөсөн билээ. Тэртээ 1986 онд л даамын оргилд нь гарчихсан, асар их туршлагатай Зоя Голубева (Латви) ээлжит ялалтаа байгуулах уу, эсвэл шинэ үеийн төлөөлөгч Наталия Садовска (Польш) ялах уу? Шинэ, хуучны аль нь илүү вэ? Энэхүү мөнхийн асуултын хариу одоо болтол олдоогүй гэхэд болно. Заримдаа хуучны аваргууд, заримдаа шинэ үеийн шилдгүүд ялж байдаг нь амьдрал үргэлж нэг хэвээрээ байдаггүйн нотолгоо буюу.

Нутаг дээрээ тоглосон Голубева эхний тавилын үндсэн өрөгт л өрсөлдөгчөө хожсоноор 12:0-ээр тэргүүлж эхлэв. Олон хүн энэ үед “Зоя 17 дахь удаагаа түрүүлэх нь” хэмээн бодсон байх. Харин хоёр жилийн өмнө сиймхийгээр аварга болсон хэмээгдэж (2016 онд Зоя Голубева аварга цолоо хамгаалж тоглохоос татгалзсаны улмаас Н.Садовска Голландын О.Камышлееваг халз тоглолтод ялж дэлхийн аварга болсон билээ) ирсэн Польшийн залуу их мастерын хувьд тохиолдлын аварга биш гэдгээ нотлох шаардлагатай байлаа. Хэдий эхний өрөгт дийлдсэн ч Н.Садовска зөв тактик сонгон тоглож дөрөв, долоо дахь тавилдаа ялалт байгуулав. Ялах ялахдаа үндсэн өрөгт хожиж, дуэлийн харьцааг 48:36-аар орвонгоор нь эргүүлэх нь тэр. Ингэснээр сүүлийн хоёр тавилд үндсэн өрөгтөө хожигдохгүй байхад л Наталия ялагч болох нөхцөл байдал үүсэв. Үнэндээ халз тоглолтын хоёрдугаар хагасаас хойш “сууж” эхэлсэн Голубевад ялах найдвар бараг үлдсэнгүй. Энэ нь ч сүүлийн хэдэн өрөгт, ялангуяа түргэн тоглолт дээр илт анзаарагдаж байлаа. 51 настай аварга маань эрсдэлтэй нүүдэл хийх, ээдрээтэй хурц байрлал үүсгэхээс зайлхийж байгааг нэг бус мэргэжилтнүүд шүүмжилсэн.

Хэдийгээр найм дахь тавил дээрээ 8:4-ээр Зоя илүүрхсэн ч сүүлийн өрөгтөө өөрт зайлшгүй шаардлагатай 12:0 хожил авч чадсангүй. Ийнхүү даамын тоглолтын бүх хэлбэр (стандарт, рапид, блиц)-ийг агуулсан сонирхолтой халз тулаан 58:50 харьцаатай Польшийн даамчны ялалтаар өндөрлөлөө. Дэлхийн хошой аварга болсон түүнтэй Украины их мастер Юрий Аникеев онлайнаар ярилцсаныг орчуулан хүргэе.

– Хэзээнээс даам тоглож эхэлсэн бэ? Энэ тоглоомын юу нь таалагдсан бэ?

– Даамыг 8 настайгаасаа тоглож эхэлсэн. Сургууль дээрээ зохиогдсон даамын тэмцээнд анх удаа оролцоод л түрүүлсэн хэрэг. Энэ санамсаргүй ялалтынхаа дараа өөр бусад тэмцээнүүдэд оролцох болсон. Даамын олон зүйл, мөн чанарт, тэр дундаа уран гоё цохилт, комбинацид татагдсан. Мөн даам тоглоход онолоос илүү бүтээлч чанараас их зүйл шалтгаалдаг нь таалагддаг.

– Анхны багш чинь хэн байв. Ямар ямар дасгалжуулагчийн гар дамжив?

– Үнэнийг хэлэхэд даамын “А”-г заасан багш байхгүй. Харин эргэн тойронд минь надад тусалдаг хүмүүс олон байсан. Ихэнхдээ тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хүмүүс гэж ойлгож болно. Тэднээс Лешек Петлицкийг онцолмоор байна. Энэ бүх хугацаанд намайг дэмжиж байсан олон хүмүүсийн ачаар дэлхийн хэмжээний тоглогч болж чадсан гэж боддог.

– Голубеватай тоглоход хэн хэн туслав?

– 2015 оноос эхлэн Беларусийн их мастер Евгений Ватутинтай хамтран ажиллаж байна. Түүнтэй хамтран хоёр ч халз тоглолтод ялсныг бодоход сайн сонголт болсон гэж бодож байна. Энэ удаагийн халз тоглолтод сайн найз, Уфагийн их мастер Айгуль Идрисова миний бэлтгэл хангагчаар ажиллалаа.

– Анхны онцгой амжилт гэвэл?

– Хүүхэд байхдаа олон улсын тэмцээнээс олон медаль хүртсэн ч гэсэн 2010 оны Европын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд гуравдугаар байр эзэлснээ мартдаггүй. Энэ медалийн “ачаар” анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үзсэн. Өөрөөр хэлбэл жинхэнэ даамын карьер маань эхэлсэн.

– Амжилтыг чинь анзаарч байхад өсвөр, залуучуудын ангилалд Европ, дэлхийн аварга цолыг хүртэж үзээгүй юм билээ. Яагаад? Хэн чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

– Тийм ээ, мөнгө, хүрэл медалиас хэтэрч байгаагүй нь харамсалтай боловч үнэн. Ердөө хоёрхон алтан медаль авсан нь Европын блицийн аваргад үзүүлсэн амжилт. Миний гол өрсөлдөгч гэвэл ОХУ-ын Матрена Ноговицына. Тухайн үедээ тэр польш охидын хувьд дэндүү хүчтэй өрсөлдөгч байлаа.

– Дэлхийн аварга болж чадах юм байна гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?

– Ойр дотныхон маань миний ямархуу амбицтайг мэднэ. Дэлхийн аварга цолны төлөө халз тоглох эрхийг авах тэр үед л ялах бүрэн боломжтойгоо мэдэрч байлаа. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд би маш их хөдөлмөрлөж, арга барилаа өөрчилж, тоглолтын хувьд нэг шат ахисан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Хүмүүс ч их зоригжуулсан.

– Даам бусад спортыг бодвол шагнал багатай. Үргэлжлүүлэн тоглох хүслийг хаанаас олж авдаг вэ?

– Гаргасан амжилтдаа дүйцэх шагнал урамшуулал авч чаддаггүй нь харамсалтай. Хэдий тийм ч хүзүүндээ алтан медальтай, төрийнхөө дууллыг эгшиглүүлнэ гэдэг юугаар ч орлуулашгүй мэдрэмж. Иймэрхүү томоохон амжилт даамаа үргэлжлүүлэн тоглох хүслийг минь өдөөдөг. Даамын спортын нэр хүнд жилээс жилд дээшилж, шагналын сан нь нэмэгдэнэ гэж найддаг. Үүнд хятадуудын оруулж буй хувь нэмэр багагүй бий.

– Дараагийн зорилго чинь юу вэ?

– Урьдын адил ур чадвараа улам сайжруулж, хөгжүүлсээр байх болно. Мөн надад Европын аварга болох том зорилго бий.   

– Польшид даамын спорт тийм ч өндөр хөгжөөгүй. Хэрхэн дэлхийн аварга болтлоо өөрийгөө хөгжүүлж чадав? Улсдаа даамыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

– Тийм ээ, өмнө нь манай улсад цөөнгүй авьяаслаг тоглогчид байсан ч тэдний дундаас их мастер гараагүй. Польшид хүмүүс даамыг хобби мэтээр ойлгож хүлээн авдаг. Энд мэргэжлийн тамирчин байх боломжгүй. Улсдаа яагаад №1 тоглогч болсноо хувийн зан чанар, хүчтэй амбицтайгаа холбон тайлбарламаар байна. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг амьдралынхаа зорилго болгосон бол ямар улс, аль мужид амьдарч байгаагаасаа үл шалтгаалан хөдөлмөрлөх хэрэгтэй. Эцсийн эцэст хувь тавилан чамайг шагнаж л таарна.

– Өөрийгөө мэргэжлийн даамчин гэж тодорхойлж чадах уу?

– Яг одоогоор Польшид байгаа ганц мэргэжлийн даамчин нь гэж нэрлэж чадна. Учир нь улсаас надад ямар ч цалин, хангамж олгодоггүй. Миний санхүүгийн байдал бүхэлдээ тэмцээнээс олсон шагналын мөнгөнөөс л хамааралтай. Үнэнийг хэлэхэд даамын тухайд нөхцөл байдал тийм ч сайнгүй байна. Бидэнд шинэ ивээн тэтгэгч хэрэгтэй байна, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг сайтар татах хэрэгтэй. Миний хувьд даамаа үргэлжлүүлэн тоглохыг хүсч байгаа ч сүүлийн үед зөв зам сонгосон эсэхдээ эргэлзэж эхлэх болсон.