А.Шварцман: Бумстрад сул тал гэж үгүй

774

Даамын дэлхийн аварга цолын төлөө Голландын Рул Бумстратай өрсөлдөж буй Александр Шварцманы ярилцлага Оросын даамын холбооны вэб хуудас дээр гарчээ. Халз тоглолтын өмнөх энэхүү ярилцлагыг толилуулъя.

– Халз тоглолтод хэрхэн бэлдэж байна даа?

– Бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Гэхдээ төлөвлөгөөгөө бүгдийг нь детальчилан дэлгэрүүлж ярьж чадахгүй нь.  

– Өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэх вэ?

– Рул Бумстра бол Голландын шинэ үеийн төлөөлөгчдөөс хамгийн авьяаслаг даамчин. Тэр бүх төрлийн байрлалаар тоглож чадахын зэрэгцээ гайхалтай сайн тооцоолдог. Түүнд сул тал гэж бараг үгүй. Ний нуугүй хэлэхэд түүний тоглолтын ерөнхий арга барил халз тоглолтод зохицсон. Рул хөлөг дээрх байрлалтайгаа тоглохоос өрсөлдөгчтэйгээ тоглодоггүй гэж хэлж болно. Миний хувьд халз тулаанд өрсөлдөхөд хамгийн эвгүй тоглогч бол Бумстра. Зарим тэмцээнд түүнээс илүү амжилт үзүүлж болох юм, харин халз тоглолтод ялах тун хэцүү гэдгийг л мэдэж байна. 

-Дэлхийн аварга цолны төлөөх бүх тоглолт Голландад зохиогдохоор болсон. Таныхаар энэ шударга явдал уу?

– Энэ асуултыг тавьсанд талархаж байна. Гэхдээ үүнийг надаас бус Оросын даамын холбооны удирдлагуудаас, ОХУ-ын Спортын яамнаас асуух нь зүйтэй болов уу. Харамсалтай нь тодорхой бус шалтгааны улмаас халз тоглолтын зарим хэсгийг Оросын нутаг дэвсгэрт хийх боломжгүй болсон. Тэр ч байтугай багагүй шагналын мөнгө гаргах боломжтой ивээн тэтгэгч ч Оросоос гарч ирсэн гэж сонссон. Мэдээж Голланд дэлхийн хамгийн муухай газар биш л дээ. Гэхдээ тэнд улс даяараа өөрийн тоглогчоо дэмжинэ. Тийм нөхцөл байдалд тоглох нь ямагт хэцүү байдаг.

– Та хоёрын хожлын харьцаа хэний талд илүү “жин дардаг” вэ?

– Өмнө нь есөн удаа таарч тоглохдоо гурван удаа хожиж, зургаа тэнцсэн гэдгээ саяхан л мэдлээ. Гэхдээ Рул тэгэхэд жаахан хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл энэ статистик юуг ч илэрхийлэхгүй.

– Таны хувьд 2018 оны хамгийн хүнд хэцүү тэмцээн гэвэл?

-Өнгөрсөн гуравдугаар сард Голландын Франекер хотод болсон фрисланд даамын тэмцээн.

– Даамнаас гадна юу хийх дуртай вэ?

– Чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх дуртай. Харамсалтай нь тийм цаг зав бараг гардаггүй. Даамнаас гадна дугуй унаж, бассейнд сэлэх дуртай.

– Өнгөрсөн жилийн Р.Бумстра – Я.Гронендейк нарын дэлхийн аваргын төлөөх халз тоглолтыг хөндлөнгөөс үзсэн байх. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

– Түүнээс илүүтэйгээр яагаад дэлхийн аварга тоглогч аваргаа хамгаалахаас татгалзав? яагаад мөнгө, хүрэлтэй медальтнууд дэлхийн аварга цолын төлөө халз тоглох болов? гэдэг асуулт л сонирхол татсан. Халз тоглолтын тухайд Бумстра өрсөлдөгчөө бүр талаар илүүрхсэн.

– Тоглохоос “халгадаг” өрсөлдөгч бий юу?

– Давтан хэлье, халз тоглоход хамгийн хэцүү өрсөлдөгч бол Рул Бумстра.

– Дааманд компьютерийн бэлтгэл хэр чухал байр суурь эзлэх вэ? Компьютертай тогловол хожиж чадах уу?

– Би Maximus-тай тоглож, ялж байсан шүү дээ. Зургаа тоглоод 1 хожиж, 5 тэнцэж байсан. Гэхдээ энэ тоглолт хүн машиныг ялсан сүүлчийн тохиолдол болж тэмдэглэн үлдэх вий гэж эмээж байна. Тактикийн маневр болон тооцоолох тал дээр компьютерийг давж гарах боломж үгүй.

Эцэст нь бэлтгэл хийх бүх л нөхцөл боломжоор хангаж өгсөн Москвагийн ЦСППСНВС төвийнхөнд талархсанаа илэрхийлье. Харин улсаас, олон нийтийн байгууллагын зүгээс, Оросын даамын холбооноос ямар ч дэмжлэг байхгүйд гомдолтой байна. Гэхдээ би иймэрхүү зүйлд аль хэдийнэ дасал болсон. Олон жил ямар ч хариу нэхэлгүй эх орныхоо төлөө тоглож ирлээ.   

Халз тоглолтыг талаарх МЭДЭЭЛЭЛ-ийг үзнэ үү.