FMJD буюу Дэлхийн даамын холбоо

802

Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах зорилгоор Франц, Нидерланд, Бельги, Швейцарь улсууд нийлэн 1947 онд Дэлхийн даамын холбоо (Fеdеration Mondiale du Jeu de Dames)-г байгуулжээ. Өдгөө тус байгууллага эгнээндээ таван тивийн 73 орныг нэгтгээд байна. FMJD нь Олон улсын оюуны спортын холбоо (IMSA), Олимпийн болон олимпийн бус төрлийн спортын холбоодын олон улсын нийгэмлэг (GAISF)-ийн гишүүн юм. Дэлхий дээр хамгийн олон хүн тоглодог оюуны спорт болох шатар, брижийн олон улсын холбоод ч мөн дээрх байгууллагуудад гишүүнчлэлтэй билээ.

Дэлхийн аваргын титмийн төлөөх Голланд-Францын тэмцэл тийм ч удаан үргэлжилсэнгүй, өрсөлдөөнд Канад, Зөвлөлтийн даамчид хүч түрэн орж иржээ. Улмаар 1963 онд Африк тивийн төлөөлөгч Сенегал улсын даамчин дэлхийн аваргын төлөө халз тоглох эрхийг авав. Түүнээс хойш өнөөг хүртэл үндсэндээ Голланд, ЗХУ-ын даамчид дэлхийн тавцанд ноёлсоор байна. Зөвлөлт гүрэн задран унасны дараа ч гэсэн Оросын тамирчид ДАШТ-д хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсаар. Завсраар нь ганц л удаа Латвиас дэлхийн аварга тодорчээ.

FMJD-ийн үйл ажиллагаагаа бага багаар тэлсээр 1971 оноос залуучуудын, 1973 оноос эмэгтэйчүүдийн, 1988 оноос кадетын, 1989 оноос охидын ДАШТ-ийг зохион байгуулсан юм. Мөн 1967 онд олимпиад нэрийн дор насанд хүрэгчдийн багийн, 1987 онд залуучуудын багийн тэмцээнийг анх зохиожээ. Зуун буудалт даам Европт өндөр хөгжсөн, ихэнх орнууд өөрийн гэсэн үндэсний даамтай байдгийг харгалзан анх 1965 онд тивийн АШТ-ийг зохиосон нь амжилтад хүрэв. Өнөөдөр Ази, Африк, Америк тивүүд ч аваргуудаа тодруулдаг болсоор нэлээд хэдэн жил өнгөрчээ. Тийм ч учраас FMJD дэлхийн аваргыг тодруулахдаа тивүүдийн АШТ-ий медальт тамирчдыг оролцуулдаг болжээ. Тэрчлэн бодолтын тэмцээн, үзүүлэх, зэрэг, төсөөллийн (харахгүйгээр) тоглолт зэрэг төрлүүд FMJD-гийн далбаан дор явагддаг. Эдгээр мэдээллийг албан ёсны вэб сайт www.fmjd.org хуудаснаас үзэж болно.

Саяхан FMJD бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл олон улсын даам буюу 100 буудалт даамын, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудад тоглодог орос даам болон бразил даамын ДАШТ-ийг зохиогдог 64 буудалт даамын, Англи, Америкийн колони орнуудад дэлгэрсэн чекерс даамын салбаруудад хуваагдсан. Эдгээр нь тус тусдаа өөрсдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиодог.

Дөрвөн жилийн хугацаатай ажиллах ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүч зэрэг албан тушаалтнуудаа FMJD-гийн эрх барих дээд байгууллага Ерөнхий ассемблейгаар сонгодог ажээ.

FMJD-гийн ерөнхийлөгчид

Виллемс (Нидерланд)                1947

Беппино Рицци (Итали)             1968

ван де Вреуде (Нидерланд)       1975

Пит Розенбург (Нидерланд)       1978, 1985, 1986

Вим Юрг (Нидерланд)                1980

Вадим Байрамов (ЗХУ)              1984, 1990

тен Хааф (Нидерланд)              1991

Гаэтано Маззили (Итали)           1992

Воутер ван Бик (Нидерланд)     1992

Иван Шовкопляс (Украин)          2003

Владимир Птицын (ОХУ)           2005

Харри Оттен (Нидерланд)         2009

Янек Мягги (Эстони)                  2017 оноос

FMJD-гийн гишүүн орнууд

Африк (16 улс): Бенин, Буркина-Фасо, Камерун, Конго, Кот д’Ивуар, Гамби, Гвиней, Ливан, Мали, Мавритан, Нигер, Сенегал, Сомали, ӨАБНУ, Того, Уганд

Америк (1улс): Аруба, Барбадос, Бразил, Канад, Коста-Рика, Курасао, Доминикан, Гренада, Гайти, Ямайка, Панам, Суринам, Тринидад ба Тобаго, АНУ

Ази (10 улс): БНХАУ, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Казахстан, Монгол, Пакистан, Туркменистан, Узбекистан

Далайн орнууд (улс): Австрали, Шинэ Зеланд

Европ (31 улс): Англи, Армен, Азербайжан, Беларусь, Бельги, Болгар, Кипр, Дани, Эстони, Чех, Франц, Гүрж, Герман, Унгар, Ирланд, Израиль, Итали, Латви, Литва, Молдав, Нидерланд, Умард Ирланд, Польш, Португал, ОХУ, Шотланд, Словен, Швейцарь, Турк, Украин, Уэльс