Эва Шаллей-Минкина (Бельги) – О.Түвшинболд (Монгол) 0:2
Монголын даамчдаас Олон улсын их мастер цолыг хүртсэн 6 дахь тамирчин, 2015 оны Ази тивийн аварга Отгонбаярын Түвшинболд агсны нэгэн өргийг толилуулъя. Тэрбээр 1999 онд KNDB Team Championship буюу Голландын лигийн тэмцээнд оролцож байхдаа Бельгийн их мастер, 1987 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий мөнгөн медальт Эва Шаллей-Минкинаг тун уран гоё хожсон юм. Тоглолтын дараа дэлхийн 6 удаагийн аварга Харм Вирсма “De Telegraf” сэтгүүлд, дэлхийн хошой аварга Тон Сейбрандс “Volkskrant” сонинд өөрсдийн хөтөлдөг даамын буландаа энэхүү сонирхолтой өргийг тайлбарлан нийтэлж байв.
Энэ тоглолтод хар өнгөөр тоглосон О.Түвшинболд 1. …10-14! гэж нүүснээр зураг дээрх байрлал үүсчээ. Одоо хар тал 2. …26-31 3. 37х17 11х31 4. 36х27 13-19 5. 24х22 12-18 6. 22х13 08х46 хэмээн даам гарахаар заналхийлж байна. Заналаас хамгаалах нүүдэл цагаанд алга. Хэрэв 2. 32-28 21х32 3. 38х27 гэвэл 3. …25-30 4. 24х35 20-24 5. 29х20 18х49 гээд даам гарна. Харин 2. 33-28 гэвэл 2. …26-31 3. 37х17 11х33 4. 39х28 16-21 5. 27х16 18-22 6. 28х17 12х21 7. 16х27 13-19 8. 24х13 08х46 гээд бас л даам гарна.
Аргагүйн эрхэнд цагаан 1. 36-31 нүүдлийг сонгох нь тэр. Гэсэн хэдий ч цохилтоос зайлж чадсангүй. 1. …18-22 2. 27х07 21-27 3. 31х22 26-31 4. 37х26 13-18 5. 22х13 08х46 6. 07-01 14-19 7. 24х13 09х18 8. 01х23 46х19 гээд манай даамчин хожлын байрлал авчээ. Одоо цагаан 9. 38-32 19х41 10. 33-28 41х34 11. 40х29 хэмээн даамыг нь барьсан ч хар тал хүү илүү үлдэнэ.