Р.Бумстра, З.Голубева нар ДАШТ-д тоглохгүй

819

2019 оны даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн ОХУ-ын Якутск хотноо, эрэгтэйчүүдийн тэмцээн Зааны ясан эрэг улсад тус тус зохиогдоно. Ердөө сар гаруйхны дараа эхлэх эмэгтэйчүүдийн ДАШТ-д Латвийн их мастер Зоя Голубева оролцохгүй хэмээн мэдэгджээ. Дэлхийн аварга цолыг 17 удаа хүртсэн дээд амжилтын эзэн тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутаг дээрээ болсон халз тоглолтод Польшийн Наталиа Садовскад хожигдсоноосоо хойш тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа юм. Түүнчлэн Н.Садовскагийн адилаар өнгөрсөн онд А.Шварцманыг халз өрсөлдөөнд ялсан дэлхийн хошой аварга, Голландын залуу их мастер Рул Бумстра есдүгээр сард болох ДАШТ-д аваргын титмээ хамгаалан тоглож чадахааргүй болжээ. Гронингений их сургуульд суралцаж буй тэрбээр сургуулиа төгсөх гээд тун завгүй байгаа гэнэ. Хэдий тийм ч Бумстрад ирэх жил дэлхийн аваргын төлөөх гурав дахь дайралтаа хийх боломж байна. Учир нь FMJD-гийн дүрэм ёсоор 2018 оны дэлхийн аварга, 2019 оны аваргатай 2020 онд халз тоглох юм.