ADC-ийн ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ, генсекээр Г.Ганжаргал ажиллана

857

Узбекистаны нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн АШТ болж байгаа билээ. Энэ үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болжээ. Харин 2020 оных хаана зохиогдох талаар тодорхой шийдвэр гаргасангүй.

Хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг бол 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон явдал байлаа. Олонхийн саналаар Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Түүнчлэн манай ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болжээ.