Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн 2019 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. 1999 оноос эхлэн зохиогдсон тус наадмын хөтөлбөрт зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн багтсан түүхтэй. Энэ удаагийн хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд 6000 орчим тамирчин спортын 38 төрлөөр өрсөлдсөн билээ.
Харин даамын төрөлд 18 аймаг, 7 дүүргийн 143 тамирчин (эрэгтэй 70 + эмэгтэй 73) 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар өрсөлдсөн. Тодруулбал 8-10 насанд 48, 11-13 насанд 48, 14-16 насанд 47 тамирчин бүртгэгджээ. Оролцогчдыг цол зэргээр нь ангилбал Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 1, Дэлхийн даамын холбооны дэд мастер 7, спортын мастер 6, дэд мастер 34, I зэрэгтэй тамирчин 47, II зэрэгтэй тамирчин 13, III зэрэгтэй тамирчин 7, зэрэггүй даамчин 27 оролцсон юм. Мөн энэ наадмаас эхлэн тэмцээний хөтөлбөрт багийн тэмцээн багтсан билээ. Анхан шатны тэмцээнд 4000 гаруй тамирчин өрсөлдсөн тооцоо байна. Тэмцээний хувийн төрөлд бүх насныхан швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргав.
Тэмцээний медальтнууд
14-16 нас. Хөвгүүд
- С.Мөнх-Оргил (Баянгол дүүрэг) 12 оноо
- Б.Пүрэвбаатар (Баянзорх дүүрэг) 11 оноо
- Б.Түвшин (Дорноговь аймаг) 10 оноо
14-16 нас. Охид
- Б.Мишээл (Баянзүрх дүүрэг) 12 оноо
- Б.Тунгалагтамир (Увс аймаг) 11 оноо
- Д.Даваадэжид (Хөвсгөл аймаг) 10 оноо
11-13 нас. Хөвгүүд
- А.Дашчирэв (Хан-Уул дүүрэг) 12 оноо
- Б.Сүхбат (Орхон аймаг) 11 оноо
- Ц.Цолмон (Баянзүрх дүүрэг) 10 оноо
11-13 нас. Охид
- Э.Хүслэн (Хан-Уул дүүрэг) 11 оноо
- Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг) 11 оноо
- Н.Лхагвадолгор (Өмнөговь аймаг) 10 оноо
8-10 нас. Хөвгүүд
- Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг) 12 оноо
- Б.Баасанбар (Сонгинохайрхан дүүрэг) 12 оноо
- Х:Өнөмөнх (Чингэлтэй дүүрэг) 9 оноо
8-10 нас. Охид
- М.Нарантуяа (Өмнөговь аймаг) 13 оноо
- Ц.Цацрал (Баянзүрх дүүрэг) 12 оноо
- Д.Наранмишээл (Баянгол дүүрэг) 9 оноо
Энэ жилийн тэмцээний нэг онцлог гэвэл наадмын зуун бууудалт даамын төрөлд анх удаа багийн тэмцээн багтсан явдал юм. Тэмцээний хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 13-ны баасан гаригт болсон тус тэмцээнд 21 баг өрсөлдлөө. Швейцарь оноолтын дагуу 7 тавил тоглож дүнгээ гарахад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн багууд адилхан 11 оноотой гарсан бөгөөд тэмцээний дотоод журмын дагуу коэффициент тоолж, чанарын давуугаар Сонгинохайрханы даамчид аваргын алтан медалийн болзол хангалаа. Мөнгөн медалийг Баянзүрх дүүргийн даамчид хүртсэн байна. Гуравдугаар байрын төлөө адилхан 10 оноотой гурван баг гарсан бөгөөд нэмэлт үзүүлэлтээр Баянхонгор аймгийн даамчид хүрэд медаль хүртсэн юм.
Тэмцээний дотоод журмын дагуу багийн дүнг олимпийн системээр тооцон гаргасан бөгөөд алтан медалийн чанараар ОУИМ Д.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тэргүүлж, 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн ДМ Б.Нармандах дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг удаалан, 1 алт, 1 мөнгөн медальтай СМ Д.Чойжилсүрэн дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг гуравдугаар байр эзэлсэн юм.
1. Хан-Уул 2 – –
2. Баянзүрх 1 3 1
3. СХД 1 1 –
4-5. Баянгол 1 – 1
4-5. Өмнөговь 1 – 1
6. Өвөрхангай 1 – –
7. Орхон – 2 –
8. Увс – 1 –
9-12. Баянхонгор – – 1
9-12. Дорноговь – – 1
9-12. Хөвсгөл – – 1
9-12. ЧД – – 1
Нийт 7 7 7
Дэлгэрэнгүй дүн