А.Могилянский: Энэ миний сүүлчийн тэмцээн

714

Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Нью-Йорк мужийн Хантингтон хотноо зохиогдсон “USА Open 2019” тэмцээний үеэр Орос-Зөвлөлтийн нэрт даамчин, их мастер Александр Могилянскийтай уулзаж, ярилцсанаа толилуулъя.

– Александр Ефимович, манай олон даам сонирхогчид “Шашки” сэтгүүлийн хуудсаар дамжуулан таныг эчнээ танина. Харин та Монголын даамчдын тухай хэр зэрэг мэдэх вэ?

– Үнэнийг хэлэхэд Монголын даамын талаарх мэдээлэл маань эхэндээ социалист орнуудын дунд зохиогддог тэмцээнд танай тамирчид ирж оролцдог байсныг мэдэх төдийхнөөр л хязгаарлагддаг байлаа. Харин 90-ээд оны төгсгөлөөр танай даамчид олон улсын тавцанд нэлээд амжилт гаргах болсныг өөрийн нүдээр харсан. Сүүлийн жилүүдэд “USA Open” тэмцээнд ч Монголын даамчид тогтмол амжилттай оролцож байна.

– Энд төвхнөөд хэр удаж байна даа?

– Америкт ирсээр 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Филафельфид гэр бүлийн хамтаар аж төрдөг.

– Шавиа бэлдэж байна уу?

-Үгүй дээ, даамнаас нэлээд холдсон. Хааяа энэ хавиар болдог даамын тэмцээнүүдэд оролцохоос хэтрэхгүй юм даа. Одоо сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж, Филадельфи хотод амьдардаг 30 мянга гаруй орос иргэдэд зориулсан сонинг эрхлэн гаргадаг. Хэдий өөрийгөө залгамжлах шавь бэлдэхгүй байгаа ч дэлхийн аварга Анатолий Гантварг, Александр Дыбман нарыг нэгэн үе дасгалжуулж, хамтран ажиллаж байснаараа бахархдаг.

– Та хэдэн жил даам тоглож байна вэ. Томоохон амжилтуудаасаа дурдаач?

– Даамын спортоор хичээллээд 60 гаруй жил өнгөрч. Хамгийн том амжилт гэвэл 1979 онд ЗХУ-ын аварга болж байснаа хэлнэ. Бага зэргийн аз таарсныг ч дурдах хэрэгтэй байх. Ригад болсон тэр тэмцээнд Гантварг, Кореневский, Дыбман, Лещинский, Мищанский, Щёголев, Ципес, Корхов нарын шилдгүүд бүгд оролцсон. Тэрчлэн 1987 оны ЗХУ-ын аваргаар Кореневский, Валнерис, бид гурав адилхан оноотой гарч, нэмэлт тоглолтоор ялагчийг тодруулахад Кореневскийд хожигдон, хүрэл медаль хүртэж байлаа. 1980 оны ДАШТ-д аравдугаар байр эзэлж байсан удаатай. Мөн 1992, 2005 оны Пан-Америкийн, 1991, 1993, 1997, 2007 оны АНУ-ын аварга.
Би энэ жил 77 нас хүрч байна. Энэ удаагийн “USA Open 2019” тэмцээн миний хувьд сүүлчийн тэмцээн. Насны эрхээр даамыг өндөр түвшинд тоглох боломж улам хомсдсоор байгаа учраас дахиж тоглохгүй ээ.

– Намтрыг тань уншиж байхад Беларусь, Латвийн аварга хүртэл болж байсан юм билээ…

– Уг гарлаа ярьвал би украин үндэстэн. Ээжийнхээ гэдсэнд байхдаа Харьковт байсан хэрэг. 1942 онд германчууд Украиныг эзлэх үеэр хүмүүсийг Узбекистан, Казахстан, Гүрж рүү нүүлгэн шилжүүлсэн. Ээж маань Гүрж рүү явахаар хуваарилагдаад эхний галт тэргэнд сууж амжаагүй, хоёр дахиар нь явсан юм билээ. Гэтэл эхний цувааг немцүүд замд нь юу ч үлдээлгүй бөмбөгдсөн гэдэг. Ингэж л би гэдэг хүн нарлаг Гүржид мэндэлсэн юм даа. Хожим Латви, Беларусьт ажиллаж, амьдарч байхдаа тэндхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэг бус удаа түрүүлж байсан.

– Таны үед тоглож байсан даамчдаас дэлхийн аварга болж чадаагүй шилдэг их мастерыг нэрлээч гэвэл та хэнийг хэлэх вэ?

– Сайхан асуулт байна. Дэлхийд түрүүлж чадаагүй ч аваргын энтэй даамчин гэвэл Александр Балякин, Вадим Вирный, Николай Мищанский гурвыг нэрлэнэ дээ.

– Даамын спортыг сонгон хичээллэж буй хүүхэд залууст юу гэж зөвлөх вэ?

– Тамирчин хүн хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаарвал зохино. Хожигдлыг хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Үр дүн, онооны төлөө тоглох бус түүх бүтээхийн төлөө тоглох хэрэгтэй.

-Таньд баярлалаа

Ярилцсан ОУИМ Р.Манлай