М.Шийравжамц: Би гурав дахь үеийн даамчин

986

Турк улсын Измир хотноо болсон энэ жилийн Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах Даамын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцон багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан юм. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д нийт 27 тамирчин найман насны ангилалд оролцож, 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг, блиц төрөлд нэг алт, хоёр хүрэл, Турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, нэг хүрэл нийт 19 медаль хүртсэн юм.

100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга болсон М.Шийрэвжамцтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр монголоос 100 буудалт даамын үндсэн төрөлд төрсөн хоёр дахь дэлхийн аварга юм.

-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе.

-Дэлхийн аварга болсондоо баяртай. Энэ амжилтыг гаргахад тусалж дэмжсэн хүмүүстээ баярлалаа.

-Хэдэн тоглолт хийж дэлхийн аварга болсон бэ?

-Есөн тоглолт хийж, долоо хожиж, нэг хожигдоод, нэг тэнцсэн юм. ОХУ-ын даамчид хүчтэй өрсөлдөгч байлаа.

-ДАШТ-д түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Сайн амжилт үзүүлэхийг хичээсэн. Яг түрүүлнэ гэж бодоогүй.

-Тоглолтуудаа хийж эхлээд би түрүүлэх юм байна гэсэн итгэл төрөв үү?

-Эхний таван тоглолтын дараа би тэргүүлж, эхэлсэн. Тэр үеэс түрүүлэх боломжтой гэдгээ мэдэрч байсан.

-ДАШТ-д явахад багш нь юу захиж байсан бэ?

-ОХУ-ын даамчидтай хичээж тоглоорой гэсэн.

-Анх яагаад даам тоглох болсон бэ?

-Манай аав даам тоглодог. Өвөө маань шатар, даам тоглодог. Намайг анх өвөө шатар, даам тоглуулж байсан.

-Дэлхийн аваргын бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Р.Манлай багшийнхаа удирдлага дор “Алтан хүү” клуб дээрээ бэлтгэл базаасан. Өдөрт 6 цаг бэлтгэл хийдэг. Мөн гэртээ бас бэлтгэл хийдэг юм.

Турк даамны дэлхийн аварга Б.Сүлдбаатар: 

Дэлхийн аварга болсондоо баяртай байна. Турк даамаар жил гаруй хичээллээд дэлхийн аварга боллоо. Намайг дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа.

Блиц тоглолтын дэлхийн аварга Э.Хүслэн: 

Би Дундговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуульд сурдаг. Дэлхийн аварга болсондоо баяртай байна. Миний хувьд есөн тоглолт хийгээд зургаа хожиж, гурав тэнцээд ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Миний насанд 28 даамчин өрсөлдсөн юм.