Э.Даариймаа: Хөлөг дээр ялах мэдрэмж их гоё

959

Турк улсын Измир хотод өнгөрсөн сард зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ болж, 23 орны 100 гаруй тамирчинтай Монголын даамчид дөрвөн насны ангилалд өрсөлдсөн. Тэмцээний сүүлчийн өдөр U-11 насны ангилалд түргэн тоглолт буюу блиц төрөлд даамын спортын дэд мастер Э.Даариймаа хүрэл медаль хүртсэн юм.

-ДАШТ-д анх удаа оролцохдоо, өөрөөсөө дөрвөн насаар эгч охидтой эн тэнцүү өрсөлдөж, шагналын тавцанд зогслоо шүү дээ.

-Баярлалаа. Олон орны хүүхдүүдтэй даамын хөлөг дээр өрсөлдлөө. Би ОХУ, БНХАУ, Украины тамирчидтай тоглосон. Тэд надтай тоглохдоо өвөрмөц арга барилаар нүүж, аль болох төв рүү довтлон, цохилт хийж байлаа. Оросын тамирчин туршлага, ур чадвараар бусдаасаа илүү санагдсан. Миний хувьд оролцсон насныхаа ангилалд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Үндсэн төрөлд IV байрт шалгарч, түргэн, блиц төрөлд амжилттай өрсөлдөн хүрэл медаль хүртлээ.

-Багш тань олон улсын их мастер Г.Ганжаргал юм байна. Даамаар хэчнээн жил хичээллэж амжилт гаргав?

-Намайг долоон настай байхад Г.Энхсаруул багш даам анх зааж өгч байлаа. Тэмцээнд оролцдог болсноор Г.Ганжаргал багшийн шавь болж, “Ирээдүй” клубт хичээллэж эхэлсэн. Би тэмцээнд аав, багшийнхаа хамт явсан. Тэмцээний өмнө багш “Нэг нүүдэл нүүхдээ сайн бодож, цохилт байна уу шалгаарай” гэж зөвлөсөн. Спортод хожих, хожигдох нь байдаг л зүйл. Харин алдаагаа давтахгүй байх нь чухал. Хөлөг дээр ялах мэдрэмж их гоё. Хожигдсон үедээ сэтгэлээр унахгүй, улам хичээж тоглодог. Би Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 4в ангид сурдаг. Ангийнхнаасаа ганцаараа даам тоглодог нь. Хааяа нөхөд минь даам сонирхож надтай нүүдэг юм. Даам мэддэггүй хүүхдүүдтэй тоглохдоо ингэж нүүвэл хожно, тэгж нүүдэл хийвэл хожигдоно гэх зэргээр зааж өгдөг.

-Тэмцээнээс хүртсэн медаль тань жилээс жилд нэмэгдсээр байна уу?

-Медалийнхаа өнгийг жил бүр хувиргаж байгаа. Тэмцээнээс хүртсэн медалиудыг маань аав гэрийн хойморт залсан. Хааяа харахаар хөлөг дээр таарч байсан хүчтэй өрсөлдөгч ч бодогддог. Намайг гэрийнхэн минь сайн дэмждэг. Би клубтээ ирж, даам тоглох дуртай. Хичээлээ хийхийн хажуугаар даамынхаа бэлтгэлд цаг, зав гаргадаг.

-Даамаас гадна шатар сонирхож тоглодог гэл үү. Оюуны спортоор хичээллэдэг хүүхэд математикт сайн байдаг юм билээ.

-Тийм ээ. Чөлөөт цагаараа шатар тоглож, балет, уран зургийн дугуйланд явдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Чулуун, олон улсын мастер П.Жигжидсүрэн гуай нараар шатар заалгаж, бэлтгэл базаадаг. Шатрын “Их нүүдэл” тэмцээнд өрсөлдөн, дүүргийн аварга болж, нийслэлийн тэмцээнээс хоёр ч удаа хүрэл медаль хүртсэн. Даам, шатар тоглоход сэтгэн бодох чадварт сайнаар нөлөөлдөг. Аль аль нь ухаан зарцуулж нүүдэл хийдэг болохоор оюун сайн хөгжүүлдэг. Гэхдээ шатрын нүүдэл даамынхаас өөр. Даам заавал иддэг бол шатар идэхгүйгээр нүүдэл хийж болдог. Би балетаар таван жил хичээллэж байна. “Балетын хөгжил” сангийн тэмцээнд хоёр удаа оролцсон. Чөлөөт цагаараа монгол уламжлалт ахуй, амьдралыг харуулсан зураг зурах сонирхолтой. Миний хамгийн дуртай хичээл математик. Тиймээс олимпиадад байнга оролцдог. Өнгөрсөн жил математикийн түргэн бодолтын “Мазаалай” олимпиадаас мөнгө, “Кенгуру” олон улсын математикийн уралдаанаас хүрэл медаль хүртсэн.

Ярилцсан Г.Батцэцэг (“Өнөөдөр” сонин)