Халз тоглолтыг допингийн дуулиан тойрсонгүй

1189

Варшавт болж буй даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөж буй Тамара Тансыккужина (ОХУ) – Наталия Садовска (Польш) нарын халз тоглолтын үеэр нэгэн шуугиант үйл явдал боллоо. Дэлхийн допингийн эсрэг агентлагч (WADA)-ийн Польш дахь салбараас зохион байгуулагчдад Оросын далбааг ширээнээс холдуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Зохион байгуулагчид үүнээс татгалзсан ч шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд FMJD-г WADA-гаас хасна хэмээн сүрдүүлжээ. Ингэсэн тохиолдолд Дэлхийн даамын холбооны ОУОХ, Sport Accord зэрэг спортын толгой байгууллагуудтай хамтын ажиллагаа нь автоматаар цуцлагдах юм. Ингээд арга буюу 700 гаруй үзэгчдийнхээ нүдэн дээр, шууд дамжуулалтыг үзэж байсан олон мянган даам сонирхогчдын өмнө ОХУ-ын далбааг FMJD-ийн далбаагаар солихоос өөр аргагүйд хүрчээ. Энэ үйлдэл дэлхийн аварга Т.Тансыккужинагийн сэтгэл санаанд нөлөөлсөн үү яасан тавилын төгсгөлд хүүхдийн гэмээр алдаа гаргаж хожигдох нь тэр.

Тэмцээнийг зохион байгуулагч, FMJD-ийн тэмцээн уралдаан хариуцсан захирлын албыг хашиж асан Яцек Павлицки “Миний амьдралд тохиосон хамгийн хэцүү мөч байлаа. Даамын төлөө үүнийг хийхээс өөр арга байсангүй. Энэ хэцүү байдлыг тэвчсэн Тамарад талархлаа илэрхийлэхийн ялдамд уучлалт гуйя” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Харин Т.Тансыккужинагийн дасгалжуулагч, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов “WADA тэмцээнийг, оролцогчдыг үл хүндэтгэж байна. Тэд Оросын далбааг хориглохоор шийдсэн байсан юм бол яагаад үүнийг тоглолтын өмнө, эсвэл дараа шийдэхгүй тоглолтын дундуур хийж байгаа юм бэ? Допингийн тухайд гэвэл 2008 оноос хойш даамын томоохон тэмцээн уралдааны үеэр сэргээшийн шинжилгээ авсаар ирсэн. Гэхдээ сэргээш хэрэглэсэн ганц ч тохиолдол гараагүй. Бидний зүгээс зохион байгуулагчдад ямар нэгэн гомдол байхгүй, энэ өдрийг хүртэл тоглолт нөхөрсөг уур амьсгал дунд явагдаж байсан” гэж мэдэгджээ.

Дашрамд хэлэхэд нэр бүхий тамирчид нь сэргээш хэрэглэсэн, түүнийг нь ОХУ-ын Үндэсний олимпийн хороо нуун дарагдуулсан үндэслэлээр тус улсын тамирчдыг “Токио 2020”, “Бээжин 2022” олимпийн наадмууд болон тив, дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд далбааныхаа дор жагсаж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь хориглосон билээ. Сонирхуулахад WADA-гийн одоогийн Ерөнхийлөгчөөр Польш улсын иргэн Витольд Банька ажилладаг юм.