Т.Тансыккужина: WADA-гийнхан даамын спортын онцлогийг ойлгоогүй

1262

Биатлоны тухай нэвтрүүлгүүдээрээ нэрд гарсан “Матч ТВ”-ийн хөтлөгч Дмитрий Губерниев дэлхийн аварга цолоо хамгаалах тоглолтыг хийж буй Оросын их мастер Тамара Тансыккужинатай ярилцжээ.

– Дэлхийн аваргын алдрыг эх орондоо авчрах боломж хэр байна даа?
– Энэ тухай л бодож байна. Боломжийн хувьд тэнцүүхэн.
– Тоглож байхад чинь гэнэт ширээн дээрх далбааг хурааж авахад гайхсан уу?
– Тэгэлгүй яахав. Яг тэр үед хувилбар тооцоолоход гол анхаарлаа хандуулсан байсан болохоор юу болж байгааг ойлгоогүй. Харин далбааг ширээн дээрээс хураах мөчид ерөнхийд нь ойлгосон. Ерөнхий шүүгч тоглолтын дундуур ийм алхам хийхийг эсэргүүцсэн ч яах аргагүй хүчинд автсан гэдгийг нь тоглолтын дараа мэдсэн. WADA-гаас шахалт үзүүлсэн тул ийм үйлдэл хийсэн гэдгээ зохион байгуулагчид тайлбарлаад надаас уучлалт гуйсан.
– Тэр мөчид та юу мэдэрсэн бэ?
– Чин сэтгэлээсээ уучлалт гуйсан тул хүлээж авсан. Би тэр хүнийг маш сайн мэднэ. Тэр бол даамын томоохон зүтгэлтэн, энэ спортын төлөө ихийг хийсэн хүн. Олон польшчууд ч энэ байр суурийг дэмжээгүй гэдгийг ч мэднэ. Нэгдүгээрт, зочдод ингэж хандах нь муухай гэдгийг, хоёрдугаарт, даамын спорт хэзээ ч допингтой холбоогүй гэдгийг тэд илэрхийлж байсан. Дахин хэлэхэд тэмцээн одоо ч гэсэн нөхөрсөг уур амьсгалд явагдаж байгаа. Магадгүй WADA-гийнхан даамын спортын онцлогийг ойлгоогүй байх.
– Заавал тоглолтын дундуур ийм үйлдэл хийхээс өөр арга байгаагүй гэж үү. Энэ талаар зохион байгуулагчид ямар тайлбар өгсөн бэ?
– Мэдээж энэ асуултыг тавьсан. “Шаардлагыг яг одоо биелүүлэхгүй бол Дэлхийн даамын холбоог ОУОХ болон Sport Accord-оос хасна гэж сүрдүүлсэн“ гэж тайлбарласан.
– Таны өрсөлдөгч үүнийг яаж хүлээж авав? Тэр бас далбаагүй тоглож байгаа гэж үнэн үү?
– Тийм ээ. Наталия надтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, маргаашнаас нь адилхан ширээн дээрээ далбаагүй тоглож байгаа.
– Танд амжилт хүсье
– Баярлалаа.