Д.Эрдэнэбилэг “Депо 2021”-ийн ялагч

761

1969 оны улсын аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “Зүтгүүрийн депо 2021” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд “Монгени” сургууль дээр болж өндөрлөлөө. 40 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд нийт 93 даамчин ухаанаа уралдуулав.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүй) 15 оноо авсан амжилтаар аваргалж, ОУИМ Р.Манлай (Алтан хүү), ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) нар 14 оноогоор удааллаа. Д.Эрдэнэбилэг гавьяатын хувьд энэхүү нэр хүндтэй тэмцээнд долоо дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ аж. Шагналт IV-V байрыг СМ Б.Чойсүрэн (БЗД), ДДХМ Б.Мөнхжин (Алтан хүү) нар эзэлжээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн (Идэр ИС), ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү), ОУИМ Б.Мишээл (БЗД), ахмадын ангилалд СМ Б.Ганзориг (Алдар), СМ Д.Чойжилсүрэн (Сонгодог байрлал), СМ Н.Баярсайхан (Өвөрхангай), өсвөрийн U-17 ангилалд СМ Б.Пүрэвбаатар (48-р сургууль), ДМ Д.Даваадэжид (Сонгодог байрлал), U-14 ангилалд СМ Б.Лхагватогтох (Ирээдүй), ДМ Ц.Цацрал (Алтан хүү), U-11 ангилалд ДМ Н.Түвшинжаргал (Ирээдүй), ДМ Г.Гоомарал (Хөлөгт тоглоом), Депогийн тамирчдын ангилалд I зэргийн тамирчин Б.Батпүрэв, Б.Лхагвадорж, О.Отгонбаяр нар шалгарсан байна. Тусгай шагналаар СМ Д.Дорж (Энэрэл), ДДХДМ Б.Энхрийлэн (БЗД) нарыг шагнасан юм.

Тэмцээний дэлгэрэнгүй ДҮН-г үзнэ үү.