“Голландын робот” халз тулааны ялагч

609

Даамын дэлхийн аварга цолын төлөөх өрсөлдөөн Рул Бомстрагийн ялалтаар өндөрлөлөө. Нидерландын залуу их мастер даамын домгуудын нэг Александр Шварцманыг халз тоглолтод 17:11-ээр илүүрхэн, дэлхийн аварга цолыг гурав дахь удаа (2016, 2018, 2022)-гаа хүртлээ.

Халз тулааны эхний хагас тэнцүүхэн өрнөсөн. Гурав дахь тавилд Шварцманд муугүй боломж гарч ирсэн бол зургаа дахь өрөгт Бомстра давуу байдалтай байсан. Дараалан зургаа тэнцсэний дараа богиносгосон цагаар тоглоход тай-брейкийн хамгийн бага цагтай төрөл болох супер блиц (10 мин + нүүдэл бүрт 2 сек)-д Шварцман хоёр нүүдлийн цохилтод орж хожигдох нь тэр. Уг нь түүний гол тактик бол үндсэн тавилд яаж ийгээд тэнцэж, түргэн тоглолтоор давуу байдлыг олж авах. Оросын их мастер тэрхүү цохилтоос гарч чадахгүй байсаар үндсэн тавилын найм дахь өрөг дээрээ дахин тийм ч хэцүү биш комбинацид орж, хоёр дахь ялагдлаа амссан.

Харин сүүлийн дөрвөн өргөө ноцтой алдаа гаргасангүй дуусгаснаар тай-брейк хийх эрхийг олж авсан юм. Тэмцээний журам ёсоор түрүүлж гурав хожсон нь ялагч болно. Хэдий тийм ч төгсгөлийн тай-брейкт “Голландын робот” ямар ч боломж олгосонгүй, өөрийн үндсэн арга барил болох төвийг эзлэн, түрэмгийлэн довтолсоор шаардлагатай гурав дахь хожлыг авч чадлаа. Тэр энэ дуэльд өрсөлдөгчөө бүх төрлийн гараа, байрлалд илүүрхэн, нарийн ажиллагаатай машин мэт нүүж, танк шиг дайрсаар ялалт байгууллаа.

Хэдий Бомстра өөлөх аргагүй тоглолтыг үзүүлж буй ч даам сонирхогчид түүнийг халз тоглолтоор бус дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхийг, нас явж буй аваргуудтай бус сүүлийн 20 жилийн хамгийн супер даамчин Александр Георгиевтэй халз тоглохыг нь харахыг хүсч буй нь ойлгомжтой. Георгиев – Бомстра хэмээх сонирхолтой дуэль удахгүй болох биз ээ.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэб сайт-аас үзнэ үү.