Д.Эрдэнэбилэг Гран-при тэмцээний ялагч

568

Бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, шинээр Удирдах зөвлөлөө сонгосон Монголын даамын холбооноос 2022 оны анхны томоохон арга хэмжээ болох “Хаврын Гран-при” тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Төмөр замын дээд сургууль дээр зохион байгуулав. Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, “Чина Галсан сан”-гаас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 110 тамирчин ухаанаа уралдууллаа. Удахгүй эхлэх улсын аваргын хагас шигшээ тэмцээний өмнөх сорилго болсон энэ тэмцээнд хөдөө орон нутгаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Дархан-Уул, Төв аймгийн тамирчид ирж оролцсон юм.   

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 16-г авсан амжилтаар тэргүүлж, тус тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр өмнө нь 2019 онд энэхүү тэмцээний аваргаар тодорч байсан билээ. Удаахь байранд ДДХМ Ц.Хашчулуун 14, СМ Б.Ганзориг 14, СМ Б.Батжаргал 13, СМ Б.Пүрэвбаатар 13 оноогоор тус тус шалгарсан.  

Тэмцээний эмэгтэй ангилалд ДДХДМ Б.Есүй, ОУИМ Б.Мишээл, ОУИМ М.Нямжаргал эхний гурван байрыг эзэлсэн бол ахмадын ангилалд ДДХМ Д.Ганболд, охидын ангилалд ДМ Ц.Цацрал, хөвгүүдийн ангилалд ДМ Н.Түвшинбаяр нар аваргаллаа. Тусгай шагналыг Б.Дамбажав (Төв аймаг), Ч.Дашпунцаг (Баянхонгор аймаг), Э.Баттүшиг (Дундговь аймаг), А.Амин-Эрдэнэ (Алтан хүү клуб) нарт олгосон юм.

Энэ тэмцээнээс Ц.Цацрал (Алтан хүү клуб) спортын мастер, О.Отгонбаяр (Зүтгүүрийн депо), Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом клуб), Б.Дамбажав (Төв аймаг), Б.Батпүрэв (Зүтгүүрийн депо) дэд мастер цолны болзлыг биелүүлсэн байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг https://results.fmjd.org/tournaments/2022/f_458/final_standings&9.html холбоосоор үзнэ үү.