Их мастерын 15 дахь түрүү

543

Даамын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн шигшээ тэмцээн 2023 оны зургадугаар сарын 24-30-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохиогдсон тус тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аварга даамчид болон хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдсөн юм.

Дүн гарахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг (“Ирээдүй” клуб) 22 оноогоор аваргалж, улсын аваргын алдрыг 15 дахь удаагаа хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа дахин нэг түрүүгээр ахиулав. Өнгөрсөн жилийн улсын аварга ОУИМ Равжирын Манлай (“Алтан хүү” клуб) 19 оноогоор удаалж, УАШТ-ий тав дахь мөнгөн медалиа хүртсэн байна. Харин СМ Зундуйн Ганбаатар (“Монгени” сургууль) 17 оноогоор хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр 29 жилийн өмнө буюу 1994 онд мөн гуравдугаар байр эзэлж байжээ. Сонирхуулахад эрэгтэй ангиллын медальтнууд бүгдээрээ 1970-аад оны төлөөлөл буюу 45-48 настай тамирчид юм.  

Эмэгтэй ангилалд СМ Баатархүүгийн Анужин (“Алтан хүү” клуб) 20 оноогоор алтан медалийн болзол хангаж, анх удаагаа улсын аварга болсон. 2018 онд 14 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болж байсан түүний ихэр ДДХМ Б.Мөнхжин (“Монгени” сургууль) энэ удаа 19 оноогоор улсын аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэв. Өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт ДДХДМ Норовсүрэнгийн Лхагвадолгор ноднингийн амжилтаа давтаж, 19 оноогоор мөнгөн медалийн болзол хангасан юм.

Тэмцээний дүн: Эрэгтэй Эмэгтэй