Н.Стручков, Т.Фёдорова нар 64 буудалт даамын дэлхийн аваргууд

95

Есдүгээр сарын 6-14-нд Москва хотноо 64 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний үндсэн төрөлд Саха-Якутын их мастерууд болох Николай Стручков, Тунаара Фёдорова нар түрүүлсэн байна. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө л энэ тэмцээний шагналын тавцанд гарч байсан Стручков нэлээд завсарласны эцэст дэлхийн аварга цолыг 5 дахь удаагаа хүртсэн нь энэ. Харин 100 буудалт даамаар ОХУ-ын аварга, өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан Тунаарагийн хувьд ийнхүү орос даамаар оргил амжилтаа гаргалаа. Тэмцээний түргэвчилсэн тоглолт (рапид)-ын төрөлд Игорь Михальченко (Беларусь), Анастасия Архангельская (ОХУ), түргэн тоглолт (блиц)-ын төрөлд Роман Щукин (ОХУ), Сандаара Апросимова (ОХУ) нар аваргалсан байна.

Олон улсын даамын холбоо буюу IDF-ээс зохион байгуулсан энэхүү ДАШТ-д нийт 27 орны 90 гаруй даамчид өрсөлдсөн ба бүх медалийг ОХУ (5 алт+2 мөнгө+4 хүрэл), Беларусь (1 алт + 4 мөнгө + 2 хүрэл) хуваан авсан аж. Тус тэмцээнд манай улсаас спортын мастер Батсүхийн Түвшин, I зэргийн тамирчин Ганбаатарын Сонинхүү нар оролцсон юм.