Ахмад даамчин Г.Пагамжавын нэрэмжит Орхон аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 3-4-ний өдрүүдэд Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Нээлттэй хэлбэрээр зохиогдсон тус тэмцээнд нийт 34 тамирчин швейцарь системээр 8 өрөг тоглолоо. Тоглогчдыг зэрэг цолоор нь ангилбал спортын мастер 3, дэд мастер 14, зэрэгтэй даамчин 6 байсан юм. Оролцогчдын хамгийн ахмад нь 73 настай Я.Аюуш, хамгийн залуу нь 6 настай тамирчин У.Нарандөл байв.
Дүн гарахад “Измир 2016” ДАШТ-ий мөнгөн медальт, спортын залуу мастер Болдбаатарын Сүхбат боломжит 16 онооноос 14-ийг авсан амжилтаар түрүүллээ. Дөнгөж 12 насандаа аймгийнхаа насанд хүрэгчдийн аварга болсон түүнд ахин олон түрүүлэх боломж байна даа. Мөнгөн медалийг дэд мастер Б.Баасансүрэн 13, хүрэл медалийг 12 настай дэд мастер Б.Буянтогтох 12 оноогоор хүртсэн байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд дэд мастер Б.Мөнхцэцэг түрүүлж, дэд мастер Д.Мөнхсайхан, Б.Хонгорзул нар удаалсан. Тусгай шагналыг дэд мастер Б.Лхагвадоржид олгожээ. Мөн энэ үеэр блиц тэмцээн зохион явуулахад мөн л Б.Сүхбат түрүүлж, дэд мастер Ц.Хатансайхан, Б.Лхагвадорж удаалан эмэгтэйчүүдээс Б.Мөнхцэцэг түрүүлжээ.
Тэмцээнийг ахмад даамчин Г.Пагамжав болон түүний үр хүүхдүүд ивээн тэтгэсэн юм. Тэмцээний дүн -тэй танилцана уу.