Зуун буудалт даамын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. 18 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд дэлхийн аварга М.Шийравжамц, ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Чинзориг, Азийн аварга Н.Бат-Ирээдүй тэргүүтэй эрэгтэй 27, эмэгтэй 15 даамчин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглоход “Сант” сургуулийн сурагч, спортын мастер Ч.Чинзориг боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар илт тасархай тэргүүллээ. Тэрбээр тэмцээн дуусахаас нэг тавилын өмнө аваргалах болзлоо хангасан юм. Мөнгөн медалийг дэд мастер Б.Пүрэвжаргал, хүрэл медалийг ДДХМ М.Шийравжамц нар хүртэв. Шагналт IV-V байранд спортын мастер Н.Бат-Ирээдүй, Б.Сэр-Од нар шалгарсан байна.
Эмэгтэйчүүд 7 тавил тоглоход ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Цэдэв нар адилхан 11 оноотой гарсан юм. Коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ч тэнцсэн тул аваргын төлөө богиносгосон цагаар нэмэлт тоглолт хийхэд “Азийн хүүхдүүд 2016” наадмын хүрэл медальт Г.Хэрлэнмөрөн өрсөлдөгчөө хожиж, тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ. Хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ хүртэж, ДДХМ Б.Сугаррагчаа, дэд мастер С.Энхтүвшин нар шагналт байранд шалгарсан юм.
Тэмцээний дэлгэрэнгүй дүнг эндээс сонирхоно уу.