Цуврал тэмцээнд 280 тамирчин өрсөлджээ

969

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубтэй хамтран чансааны оноо олгох тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Бүх насны тамирчид өрсөлдсөн ийм цуврал тэмцээн жилд 10-ыг зохиох ба хамгийн өндөр оноо цуглуулсан 10 эрэгтэй, 1 эмэгтэй тоглогч арванхоёрдугаар сарын 17-23-нд болох оны шилдэг даамчныг шалгаруулах супер шагналын сан бүхий “Final 2018” тэмцээнд оролцох эрхийг авах юм.

2018 он гарсаар хоёрдугаар сард “Чингис Опен”, гуравдугаар сард түргэн тоглолтын, дөрөвдүгээр сард Хаврын гран-при, тавдугаар сард “Эрчим Кап” гэсэн чансааны оноо цуглуулах дөрвөн тэмцээн болж, түүнд давхардаагүй тоогоор 280 тамирчин оролцсон байна. МУГТ Д.Эрдэнэбилэг дээрх цувралуудаас нийтдээ 178 оноо авсан амжилтаар бусдыгаа тэргүүлж байна.

Чансаа олгох журам: Блиц, рапид тэмцээнд эхний 10 байр эзэлсэн тамирчдад 30, 26, 24, 22, 20, 18, 16, 14, 12, 10 оноо, оролцсон тамирчдад 5 оноо өгдөг системээр тэмцээн уралдаанууд явагдаж байгаа бөгөөд уртын цагаар зохиогдсон тэмцээнд дээрх оноог хоёр дахин үржүүлж оноо олгох юм. Харин эрэгтэй, эмэгтэй тамирчид тусдаа тоглосон тохиолдолд эмэгтэйчүүдийн оноог 70%-иар тооцож олгох юм.