Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

889

Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд тус сумын “Алтан гадас” одонт улсын тэргүүний сургууль дээр зохиогдлоо.

Тэмцээнд дэд мастер болон түүнээс доош цол, зэрэгтэй эрэгтэй 98, эмэгтэй 51 даамчин ухаанаа уралдуулав. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Архангай аймгийн залуу тамирчин, 13 настай дэд мастер Д.Эрдэмбилэг тэргүүлж, дэд мастер С.Тулгабаатар (Сэлэнгэ аймаг, Баянгол сум) удаалан, дэд мастер Ц.Хатансайхан (Дорнод аймаг, “Алтан хүү” клуб) хүрэл медалийн болзол хангалаа. Шагналт IV-V байрыг дэд мастер Э.Соронзонболд (Дорноговь аймаг, Даланжаргалан сум), Д.Эрдэнэ-Очир (Улаанбаатар хот, “Шинэ Монгол” сургууль) нар эзэлсэн юм. Эмэгтэйчүүдийн ангилалд мөн л 11 настай залуу тамирчин, Дорноговь аймгийн дэд мастер Л.Надмид аваргалж, дэд мастер Б.Мөнхцэцэг (Орхон аймаг), С.Энхтүвшин (Дорноговь аймаг), Н.Лхагвадолгор (Өмнөговь аймаг), Э.Энххүслэн (Улаанбаатар хот, “Шавь” клуб) нар удааллаа. Тусгай шагналыг 76 настай ахмад даамчин Д.Гарамдорж (Говьсүмбэр аймаг), 5 настай өсвөрийн тамирчин Л.Маргад (Сэлэнгэ аймаг, Баянгол сум) нарт олгосон.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Баянгол сумын иргэд, багш дасгалжуулагч, удирдах ажилтнуудыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны шагналаар шагналаа. Тухайлбал, бүрэн дунд сургуулийн захирал Д.Сарангэрэлд БСШУСЯ-ны “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг, даамын багш дасгалжуулагч Б.Лхагвасүрэнд МҮОХ-ны “Олимпийн алдар” одон, багш Б.Цэцэгмаад “Алтан медаль”, захиргааны ажилтан Б.Ганбаатарт БТСГ-ын “Спортын алдар” одонг тус тус олгосон юм.  

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах ирэх жилийн тэмцээнийг Архангай аймаг зохион байгуулахаар болжээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн

Эрэгтэй        

Эмэгтэй