Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн байранд болж өндөрлөлөө. Энэ удаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөв. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд “Шинэ Монгол” сургуулийн тамирчин, Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг боломжит 22 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлэв. Тэрбээр 11 тоглохдоо 8 хожиж, 3 тэнцсэн бөгөөд тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргалах болзлоо хангасан юм. Энэ нь гавьяатын улсын аваргын 13 дахь түрүү ажээ. Мөнгөн медалийг “Алтан хүү” клубийн тамирчин, Олон улсын их мастер Равжирын Манлай, хүрэл медалийг “Хасу Мегастарс” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Цогтбаатарын Сүхбат нар тус тус хүртлээ. Тэд адилхан 15 оноо, 5 хожилтой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн давуугаар Р.Манлай өмнө нь бичигдсэн юм.
Харин эмэгтэйчүүдийн аварга эцсийн мөчид тодорсон. Сүүлчээсээ өмнөх тавил буюу 10-р тойргийн дараа М.Нямжаргал, Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин нар адилхан 13 оноотой байлаа. Шийдвэрлэх 11-р тойрогт “Хасу Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Баатархүүгийн Мөнхжин ноднин жилийн улсын аварга Е.Ариунзаяаг буулган авснаар 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр 14 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга цолыг анх удаагаа хүртэж, 2008 онд Б.Нандинцэцэгийн тогтоож байсан рекордыг давтсан юм. Түүний гол өрсөлдөгчид бүгд оноо хуваасан бөгөөд тэмцээний дотоод журам есоор цэвэр хожлын давуугаар Батдэлгэрийн Нандинцэцэг мөнгө, Ганбаагийн Хэрлэнмөрөн хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.
Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг https://toernooibase.kndb.nl/opvraag/standen.php?taal=1&kl=94&Id=7082&jr=18 холбоосоор үзнэ үү.