11-тэй С.Болор, 14-тэй Б.Анужин нар улсын аварга болов

734

Олон улсад түгэн дэлгэрсэн даамын бусад төрлүүдийн УАШТ-үүдийг Монголын даамын холбооноос зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч баасан гаригт 64 буудалт даамын улсын аваргууд тодорсон бол бямба гаригт турк даамын насанд хүрэгчдийн УАШТ боллоо. Тэмцээнд 29 эрэгтэй, 17 эмэгтэй тамирчин өрсөлдөж, швейцарь системээр тус бүр долоон өрөг тоглов.Дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд дэд мастер С.Болор 12 оноогоор аваргалж, их мастер Д.Эрдэнэбилэг 12 оноогоор удааллаа. 11 настай С.Болор гол өрсөлдөгчөө зургадугаар тавилд хожсон бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн давуугаар өмнө нь бичигдсэн нь энэ. Харин гуравдугаар байрын төлөө тус бүр 10 оноотой Т.Мөнх-Оргил (Дорноговь), Б.Бат-Эрдэнэ (Завхан) нар нэмэлт тоглолт хийж, дэд мастер Т.Мөнх-Оргил ялснаар хүрэл медалийн эзэн болсон юм.Эмэгтэйчүүдийн тэмцээн ч дутахааргүй өрсөлдөөнтэй болж, адилхан 10 оноотой дөрвөн тамирчин гарсан. “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Б.Анужин хэдийгээр сүүлийн тавилдаа хожигдсон ч гэсэн коэффициентийн зөрүүгээр алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр тав, зургадугаар тавилдаа хүчтэй өрсөлдөгч Э.Хүслэн, Б.Нандинцэцэг нарыг буулгаж авсан юм. Дашрамд сонирхуулахад 14 настай түүний ихэр Б.Мөнхжин нь өнөө жил насанд хүрэгчдийн улсын аварга болсон билээ. Мөнгө, хүрэл медалийг Дорноговь аймгийн тамирчид болох спортын мастер Н.Налжормаа, дэд мастер Л.Надмид нар хүртсэн байна.