35 жилийн дараах уулзалт

743

Дэлхийн даамын холбооны мастер, 1988 оны улсын аварга Д.Ганболд, түүний гэр бүлийнхнийг даамын хүрээнийхэн андахгүй. Түүний аав, “Энэрэл” клубийг үүсгэн байгуулагч, өдгөө 80 насыг зооглож буй Монгол Улсын гавьяат багш Д.Дорж мастер одоо ч хөлгийн ард хүүхэд, залуустай ухаанаа уралдуулсаар. Тэрбээр энэ жилийн Азийн АШТ-ий ахмадын ангилалд түрүүлсэн билээ. Түүнчлэн төрсөн эгч Д.Найгалмаа, Д.Дэлгэрмаа, дүү Сүхбаатар нар нь даамын спортын дэд мастер цолтой. Тэгвэл Ганболдын гэргий Ж.Гэрэлчулуун нэгэн үе Монголын даамын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, 1999 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцож явсан, Дэлхийн даамын холбооны мастер цолтой том тамирчин. Даамчин хосуудын дундаас төрсөн Г.Гэрэлболд хүү 2007 онд кадетын ДАШТ-д түрүүлж, даамын төдийгүй Монголын оюуны спортын түүхэнд анхны дэлхийн аварга болсон түүхтэй.

Харин Ганболдтой гар барьж буй, зураг дээрх эрхэм бол Орос-Зөвлөлтийн нэрт мастер Александр Чекеев бөлгөө. Тэд тэртээ 1984 онд анх зохиогдсон Эрхүү-Монголын уулзалт тэмцээнд өрсөлдөж байсан бол олон жилийн дараа дахин уулзалдах учиртай байж. Иркутск мужийн даамын холбоо 77 настай мастертаа хүндэтгэл үзүүлж, 1-р багийнхаа тэргүүн ширээнд урилгаар тоглуулсан юм. Гурван аравны дараах уулзалт нөхөрсгөөр өндөрлөж, 64 буудалт дааманд Оросын мастер, зуун буудалт дааманд манай тамирчин илүүрхжээ.