Уулзалт тэмцээнд Монголын баг түрүүлэв

698

Эрхүү мужийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг нөхөрсөг уулзалт тэмцээн 2019 оны долдугаар сарын 19-22-ны өдрүүдэд боллоо. Байгал далайн эрэг дээрх Байкальск хотын Спортын бэлтгэлийн төвд болсон тус тэмцээнд Эрхүү мужийн хоёр, Монгол, Буриадын багууд өрсөлдсөн.

Тэмцээний багийн төрөлд хоёр төрөлтийн нийлбэрээр манай даамчид боломжит 48 онооноос 35.5-ыг авсан амжилтаар аваргалж, Эрхүү мужийн I баг 27.5 оноогоор удаалав. Харин Эрхүү II, Буриадын багууд адилхан 16.5 оноотой гарч, нэмэлт түргэн тоглолтоор ялагчийг тодруулахад Буриадын даамчид ялсан. Дашрамд сонирхуулахад манай нөөц тоглогчид болох ДМ П.Сурмаасүрэн, Г.Шинэсаран, I зэргийн тамирчин Т.Энхсүлд нар хүн дутуу Буриадын багийн бүрэлдэхүүнд орж тоглосон юм.

Харин хувийн төрөлд 64 буудалтын блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс Д.Никифоров (Иркутск), В.Номогоев (Усть-Орд), Д.Филатов (Иркутск), эмэгтэйчүүдээс Г.Хэрлэнмөрөн, Э.Хүслэн, Э.Энххүслэн (бүгд Монгол), 100 буудалт даамын блиц төрөлд эрэгтэйчүүдээс Р.Манлай (ОУИМ), М.Овсянников (Иркутск), Д.Никифоров (Иркутск), эмэгтэйчүүдээс Э.Хүслэн, Г.Хэрлэнмөрөн, П.Сурмаасүрэн (бүгд Монгол) нар медалийн эзэд болцгоосон.

Тэмцээний дундуур Эрхүү муж – Монголын хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт болсны зэрэгцээ тамирчин хүүхдүүд “Виктория 2019” гүзээлзгэний фестивальд оролцон, авьяаслаг залуу зураач-даамчин Дмитрий Нетакийн уран зургийн үзэсгэлэнг сонирхож, Байгал далайн эрэг дээр амарлаа. Уулзалт тэмцээн ирэх жил Эрхүү хотод зохиогдох бөгөөд манайхаас 2-3 баг оролцуулж, Саха-Якутын хүчирхэг багийг урих талаар тохиролцлоо. Харин 2021 оны уулзалтыг Монголд зохион байгуулах юм.

                              Эрхүү муж – Монголын уулзалт тэмцээн

1984 он        Иркутск                  Эрхүү муж – Монгол 28:8

1985 он        Улаанбаатар          Монгол – Эрхүү муж 9:11

1989 он        Братск                    Эрхүү муж – Монгол 22:28

1990 он        Улаанбаатар          Монгол – Эрхүү муж 26:22

1991 он        Братск                    Эрхүү муж – Монгол 29:19

2018 он.       Иркутск                  1.Монгол 39 оноо, 2.Эрхүү I баг 30, 3.Эрхүү II баг 16, 4.Буриад 11

2019 он.       Байкальск              1.Монгол 35.5 оноо, 2.Эрхүү I баг 27.5, 3.Буриад 16.5, 4.Эрхүү II баг 16.5