Д.Эрдэнэбилэг: Би эх орондоо байж тамирчдаа хурцална

792

Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 100 буудалт даамын спортоор 1990 оноос эхлэн хичээллэж, 1993 онд спортын мастер, 1997 онд Дэлхийн даамын холбооны мастер, 1998 онд олон улсын мастер цол, 2001 онд олон улсын их мастер цолыг Монголын даамчдаас анх хүртсэн тамирчин. Өдгөө тэрбээр Ази тивдээ тэргүүлдэг төдийгүй чансаагаараа дэлхийд 77 дугаарт жагсдаг. Монголын даамын спортод оруулсан түүний хувь нэмэр, амжилтыг бичвэл уртаас урт жагсаалт гарна. Монгол Улсын 13, Ази тивийн таван удаагийн аварга тэрбээр 2001 онд болсон ДАШТ-д ОХУ-ын нэрт тамирчин, дэлхийн долоон удаагийн аварга А.Шварцманыг хожиж “Сайхан өргийн шагнал” хүртсэн бол 2008 онд Бээжин хотод зохион байгуулсан дэлхийн оюуны спортын анхдугаар олимпод 140 тамирчнаас наймдугаар байр эзлэн, тэр жилийн дэлхийн шилдэг 12 даамчнаар шалгарч байв. Тэгвэл 2013 онд ОХУ-ын Уфа хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 40 тамирчнаас шалгарч, шилдэг өргийн шагнал хүртсэн юм. Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, 2001, 2011, 2013, 2015 оны ДАШТ-ий шилдэг өрөг, уран нүүдлийн шагналтай түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урив.

-Дэлхийн олон оронд “Ковид-19” цар тахал дэгдсэний улмаас спортын олон тэмцээнийг цуцаллаа. Хөл хорио, тусгаарлалтын үеэр Монголын даамын холбоо www.lidraughts.org сайтаар тэмцээн зохион байгуулдаг болсон нь даам сонирхогчдын талархлыг төрүүлсээр л байна.

-Тийм ээ. Спортын тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул бид дээрх сайтад “Монголын даамчид” гэсэн группэд өдөр бүр тэмцээн зохион байгуулж байгаа. Амралтын өдрүүдэд чансаа харгалзахгүй тоглодог болохоор гадаад, дотоодын олон даамчин хөлөг дээр эн тэнцүү тоглож, ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг.

-Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна тамирчдынхаа ур чадварыг сайжруулж, бэлтгэл сургуулилалтыг нь тасалдуулахгүй давуу талтай байна уу?

-Ихэвчлэн үндсэн цаг таван минут нүүх бүрт гурван секунд нэмж, эсвэл гурван минут дээр нэмэх хоёр секунд (3 мин+2 сек) гэсэн цагаар тоглодог. Үүнийг бид түргэн буюу блиц тоглолт гэж нэрлэдэг. Богино хугацаанд өргөө амжилттай дуусгахын тулд нэгт, цагаа зөв зохицуулах, хоёрт, хувилбаруудыг хурдан тооцоолох, гуравт, зөв шийдвэр гаргах, дөрөвт, сандарч тэвдэхгүй, тайван байх зэрэг олон чадвар нөлөөлдөг. Тэгэхээр энэ чадваруудаа хөгжүүлж, бэлтгэл сургуулилалт байнга хийдэг гэж ойлгож болно.

-Даам, шатар, ой тогтоолтын тэмцээнд монголчууд тэргүүлж, оюун ухааны өндөр чадавхтай гэдгээ харуулсаар байгаа. Үүнд таны амжилт, оролцоо нөлөөлж байгаа гэж боддог.

-Миний хувьд тив, дэлхийн олон тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг эрмэлздэг, цаашдаа ч өнөөгийнхөөсөө илүү амжилт гаргах зорилготой. Монголчууд оюун ухааны өндөр чадавхтай нь онгон дагшин байгальтай, шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэдэг, мөн төрөлхийн авьяас, мэдрэмжтэй нь нөлөөлдөг. Нүүдлийн соёл иргэншлээс өнөөгийн суурьшмал амьдралд нийгмээрээ дасан зохицохын тулд монголчуудын тархи байнга ажиллаж, сэдэн, сэтгэж янз бүрийн зүйлийг туршин, даван туулж байгаатай холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол орон эрс тэс уур амьсгалтай, байгалийн шалгарал өндөртэй нь олон зүйлд нөлөөлж байна. Миний ажигласнаар сүүлийн үед монгол хүүхдүүд бага насандаа шатар, даам, ой тогтоолтоор бусдаас илүү амжилт гаргадаг. Тэд системтэй сургалт, санхүүгийн боломж, олон цагаар суух тэсвэр тэвчээр зэрэг хүчин зүйлээс шалтгаалж, амьдралын шаардлагаар жирийн нэг иргэн болж байна. Хэрэв тийм л оюуны өндөр чадавхтай юм бол томчууд биднээс Нобелийн шагналтан, тэрбумтан, дэлхийн хэмжээний алдартан яагаад төрөхгүй байгаа юм бэ. Гадаадын судлаачдын бичсэнээр монголчууд байгалиасаа өгөгдөл сайтай, оюуны чадвар өндөртөй төрдөг ч түүнийгээ ашиглаж, эрдэнэс болгох тал дээр дутагдалтай гэж шүүмжилсэн байдаг. Зүйрлэж хэлбэл, процессорын хурд, санах ой, багтаамж өндөртөй компьютертой боловч түүнийгээ ашиглах үйлдлийн систем, программ хангамж муутай гэсэн үг. Оюуны өндөр чадавхаа бид шатар даам, хөзөр төдийхөн тоглож ашиглаж байна шүү дээ.

ЭХ ОРНОО БОДООД НИДЕРЛАНДЫН САНАЛААС ТАТГАЛЗСАН

-Манай тамирчид гадаад дахь чансаагаар хэр өндөр байдаг вэ, Тухайлбал, та дэлхийд одоогоор хэдэд эрэмбэлэгддэг бол?

-Монголчууд энэ спортоор өндөр зэрэглэлд бичигддэг. Даамын төрөлд А, В, С гэсэн зэрэглэл бий. Миний хувьд Дэлхийн даамын холбооноос энэ сарын 1-нд гаргасан чансаагаар A буюу дээд ангилалд (2283 оноогоор) дэлхийд 77 дугаар байрт жагсаж байна. Эхний аравт дэлхийн аваргууд болон ойрын хугацаанд аварга болох магадлалтай тамирчин, 10-25 дугаар байрт супер их мастерууд, 25-аас хойшиход их мастерууд байдаг.

-Хүнийг хувь заяа нь зөв зам руу залдаг. Оюуны спортоос даамыг сонгож хичээллэсэн нь танд хожим амжилт, алдар нэр, амьдралын аз жаргал аль алийг нь авчирсан санагддаг.

-Би багадаа нисэх загвар, уран зураг, шатар гээд л олон зүйл сонирхсон. Тэгж байгаад хамгийн сүүлд даамыг сонгож хичээллэсэн. Даамын ачаар ханьтайгаа учирч, орон байртай болж, чамлахааргүй амжилт гаргалаа. Цаашид ч зөв сонголт хийсэн гэдгээ харуулна гэж бодож байгаа. Энэ асуултад би “Тийм ээ, зуун хувь санал нэг байна” гэж хариулъя.

-Таныг 2014 онд Азийн АШТ-д өрсөлдөж байхад БНХАУ-ын Даамын холбооноос дасгалжуулагчаар урьж ажиллуулах санал тавьсан санагдана. Мөн Нидерландаас ч өөрийн улсын нэг багын нэр дээр оролцох тамирчнаа болгох санал ирж байв. Өөрийнхөө карьер, ирээдүйг бодвол татгалзахааргүй санал. Гэхдээ та алиных нь ч саналыг хүлээж аваагүй.

-“Хүний нутгаас жаргал эрэхээр өөрийн нутгаа диваажин болго” гэж халхын То ван Тогтохтөр хэлснийг тэр үед санасан хэрэг. Тэгээд ч нэг хүнийг бий болгож, өсгөж өндийлгөхийн тулд улс хэр цаг хугацаа, мөнгө төгрөг зарцуулсныг бодож үзэх хэрэгтэй. Ясли, цэцэрлэг, сургууль, их, дээд сургууль, тэмцээн, уралдааны шагнал, замын зардал гээд өндөр өртөг гарна. Энэ бүхний дараа “За, би гарлаа, явлаа” гэх нь хэр ёс зүйтэй сонсогдох бол. Арай гэж өсгөж, хөгжүүлсэн “Марааны тарвагаа” бусдад алдаад байх нь тухайн улсад болоод бусад тамирчинд хохиролтой биз дээ. Би эх орондоо байж бусад тамирчнаа хурцална, тэд ч хөгжинө. Хятад хүүхдүүдэд даам заачихаад дараа нь Монгол хүүхдийг хожоод сууж байхыг харах хэцүү. Ашиг хонжоо хайвал хаашаа ч явсан болно л доо. Нидерландаас лигтээ авах, ирвэл замын зардал, орон байр, гэр бүлийг минь ажилтай болгох санал тавьж байсан. Гэхдээ би эх орноо бодоод яваагүй.

-Нидерланд даамын дэлхийн аваргуудтай. Даам энэ улсын үндэснийх нь спортын нэг болтлоо хөгжсөн. Даамын лигийн тэмцээнийг улсдаа зохион байгуулахад хот болгон нь өөрийн гэсэн хүчтэй багтай оролцдог тухай ч сонсож байлаа. Тиймээс дэлхийд үнэлэгдсэн даамчдыг судалж багтаа авах сонирхолтой байдаг. Тэнд та нэлээд хэдэн тэмцээнд оролцсон болохоор Азиас Монголын тамирчин анхаарлыг нь татсан байж болох.

-Нидерланд улсад хэдэнтээ очсон болохоор гадарлана. Тэнд даам хөлбөмбөгийн дараа ордог спорт. Хот, муж болгон өөрийн баг, алдартай тоглогчтой. Одоогоор энэ улсад дэлхийн таван аварга төрчихөөд байна. Тиймээс монгол хүн багт нь тоглоно гэдэг их сонирхолтой санагддаг байх. Багуудад нь дэлхийн янз бүрийн орны тамирчид тоглодог юм.

МОНГОЛЫН ТАМИРЧИД ХЯТАДУУДАД ДААМЫН А ҮСЭГ ЗААСАН

-А.Шварцманаас гадна А.Чижов, А.Георгиев зэрэг дэлхийн аварга даамчин бий. Тэдний хэнтэй нь хөлөг дээр олон удаа таарч тулалдсан байдаг вэ. Д.Эрдэнэбилэгийг хэр тамирчин бэ гэдгийг олон талаар сорьсон шалгуур тэр олон тэмцээн дунд байж л таараа.

-Дэлхийн гурван аваргатай нэг бус удаа таарч тоглосон. Хожигдон, хожиж, тэнцсэн удаа ч олон. Би А.Шварцманыг үндсэн, А.Чижовыг түргэн тоглолтод хожиж байлаа.

-Сүүлийн үед Хятад улс даамын шигшээ баг бүрдүүлж, тамирчдаа дэлхийн тэмцээнд сойх болсноос харахад энэ спортод анхаарал ихээхэн хандуулсан юм шиг ээ.

-Нидерланд, ОХУ тамирчдаа маш сайн дэмждэг. Хятад улс 2007 оноос хойш даамыг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. Монголын тамирчид тэдэнд даамын А үсэг зааж байлаа. Улсаас нь ч онцгой анхаарч, муж бүртээ хөгжүүлэн жилд хоёр удаа өндөр шагналтай тэмцээн зохион байгуулан, дотоодын тэмцээний урамшууллаа нэмлээ. Тухайлбал, улсынхаа спартакиадад түрүүлсэн тамирчин нь нэг сая юанийн шагнал авч байна. Мөн дэлхийн аваргуудаар заалгаж байгаагийн үр дүн ч харагддаг. Хамгийн сүүлд дэлхийн 10 удаагийн аварга А.Чижовын шавь 15 настай Пан Юмин өнгөрсөн жил насанд хүрэгчдийн тэмцээнээс мөнгөн медаль зүүлээ.

-Таныг 2000 онд болсон ДАШТ-д ОХУ-ын нэртэй даамчин, дэлхийн долоо удаагийн аварга А.Шварцманыг хожиж “Сайхан өргийн шагнал” хүртэж, ОУИМ цолны болзол хангаж байсан тухай даамчдаас сонсож байлаа. “Аваргыг давж аварга болдог” гэдэг үг бий. Түүнийг хожих амаргүй л байсан байх. Хожилд хөтөлсөн уран нүүдлээ сонирхуулж яриач?

-2000 оны ДАШТ-ий тавдугаар өрөг дээр тухайн үед дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан А.Шварцмантай таарсан. 1998 онд А.Чижовыг халз тоглолтод ялчихсан, оролцсон тэмцээн болгоноосоо медаль өвөртөлдөг, яг л ид гялалздаг үедээ байлаа. Гадсын байрлалд тоглох дуртай, хурц тоглолттой тийм л аварга. Миний хувьд түүний өргүүдийг үзэх дуртай, хүндэлж явдаг. Тоглолт эхнээсээ л түүний дуртай гараагаар эхэлж, дунд үе хүртэл үргэлжиллээ. Харин дунд үед би хүүгээ түр зуур өгөөд, эсрэг талаар нь байрлал авах нүүдэл нүүсэн. Аваргын хувьд эхлээд илүү хүүгээ авч үлдэх, дараа нь хожлын байрлал авах, гуравт тэнцээ болгохгүй байх гэсэн олон зорилт, шийдвэрлэх нүүдэл олох гэж бодсоор байгаад цагаа хэтэрхий их явуулсан. Тэгээд өргийн төгсгөл хэсэгт цагт хавчигдаж буруу нүүсэн. Хоёр дахь буруу нүүдлийн дараа хүүгээ хаяад ч гарах аргагүй болж, бууж өгсөн дөө. Энэ тэмцээнд хожигдсон түүний цорын ганц өрөг. Цолоо ч хамгаалж чадалгүй тавдугаар байр эзэлсэн. Түүнээс хойш дэлхийн олон аваргад оролцлоо. Би 2013 оны дэлхийн аваргын шилдэг 12-т шалгарсан юм.

ӨВӨӨ БОЛООД ЗЭЭ НАРАА ДЭЛХИЙН ТАМИРЧИН БОЛГОНО

-“Биеийн хүчээр ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна” гэдэг. Шатар, даам нь уран ухаан шаардсан спорт. Монголын тамирчдаас ОУИМ Г.Ганжаргал, Р.Манлай нар таны хамгийн хүчтэй өрсөлдөгч. Мөн л уран, гоё нүүдэл гаргадаг даамчид. Тэдний давуу талаас суралцдаг уу?

-Таван настай хүүхдээс “За миний дүү хэдэн жил морь унаж байна” гэх асуухад “Байнга унадаг” гэж хариулдаг шиг ОУИМ Г.Ганжаргал, Р.Манлай нартай өрсөлдөх үедээ өрсөлдөж, найзлах үедээ найзалж л явна. Тиймээс бид нэгнээ хэрхэн тоглодог, ямар арга барилтай, юугаараа сул, давуу талтайгаа сайн мэднэ. Хоорондоо таарвал аль болох нэгнээ шоглочих гээд л үзнэ шүү дээ. Хожсон үедээ бөөн баяр, хожигдсон үедээ яагаад хожигдсоныхоо учрыг олох гээд толгойгоо ажиллуулдаг, нэг хэсэгтээ шокийн байдалтай явна. ОУИМ Г.Ганжаргал, Р.Манлай нар нягт нямбай, өчүүхэн төдий алдааг андахгүй, сайн хамгаалж тоглодог, унаа холтой тамирчин. Миний хувьд тэдний энэ чанаруудаас суралцахыг их хичээдэг.

-“Даамыг хожихдоо биш тоглож сурахдаа гол нь байдаг юм” гээд хэлж байсныг тань саналаа. Тэгэхээр энэ үг аливаа спортоор хичээллэхэд арга эвийг нь олж, өөрийн болгон туршлагажих хэрэгтэй гэдгийг ойлгуулах шиг санагдсан шүү.

-Хожиж, хожигдох нь чухал биш. Хамгийн гол нь тоглоомын дотоод мөн чанарыг ойлгох хэрэгтэй байдаг. Хожсон бол баярлаж, хожигдсон бол уйлаад байж болохгүй. Хожсон бол өрсөлдөгч минь ямар алдаа гаргав, хожигдсон бол би яагаад хожигдов гэдгийн учир шалтгааныг түрүүлж олох хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө сайн талыг хөгжүүлж, муугаа арилгахыг хичээж эхэлдэг юм. Сайн тоглоод сурчихсан байхад аяндаа ялалт ирдэг.

-Хүүхэд байхаасаа тоглож, байнга бэлтгэл сургуулилалтаа базаадаг даам танд байдаг гэсэн. Одоо нандигнаж, дээдэлдэг зүйлийн тань нэг болсон биз?

-Дээхнэ үед даам олдохгүй, ургамлын тосны бөглөөгөөр даам, картон цаасан дээр хөлөг зурдаг байлаа. Дараа нь гадаад руу тэмцээнд явахдаа жинхэнэ даам, хөлөг авсан. Түүнтэйгээ хамт 20 гаруй жил ялж, ялагдаж явлаа. Сүүлийн үед тэр даамаараа тоглоогүй, шүүгээндээ хадгалчихсан. Хаяа гаргаж харахаар өрөөндөө ганцаараа бэлтгэлээ хийдэг байсан үеэ санадаг.

-Тамирчдын хүүхдүүд аав, ээжийнхээ амжилт гаргасан спортоор үргэлжлүүлэн хичээллэж байгаа харагддаг. Таныг даам тоглохыг харсаар байгаад охин тань сурсан тухай дээр өгүүлж байсан даа.

-Миний том охин Билгүүнзаяа даам тоглохыг өөрөө хараад сурчихсан. Хэдэн жилийн өмнө даамаар хичээллэж, дэд мастер болох дөхсөн. Одоо хими гэдэг “спортоор” хичээллэж, улс, хотын олимпиадаас медаль түүдэг боллоо. Хоёр дүү нь даам сонирхдог ч би нэг их шахаж хичээллүүлдэггүй юм. Өөрсдөө сонирхвол амжилт гаргана шүү дээ. Эцгийн удам охины хүүхдүүдэд илүү өвлөгддөг гэдэг. Тэгэхээр өвөө болбол зээ нараа сойж, тив, дэлхийн өндөр чансаатай тамирчин болгоно гэж боддог.

-Даам сонирхон тоглогчид өөрийн тань зөвлөгөө, өөдрөг үгийг сонсохыг хүсэж байгаа нь лавтай. Тэдэнд урам хайрласан таны үгээр ярилцлагаа өндөрлөе.

-Амжилтад хүрэх 10 мянган цагийн дүрэм хэмээх хууль байдаг. Энэ нь ямар нэг зүйлээр амжилтад хүрэхийг хүсвэл ийм цагийг түүнд зориул гэсэн үг. Энэ бүхний дараа та, чи аль хэдийн амжилтад хүрсэн байх болно.

Ярилцсан Г.Батцэцэг (“Өнөөдөр” сонин)