Б.Энхрийлэн: Намайг дэлхийн аварга болоход манай даамчид төрийн дууллаа хамт дуулсан

1185

Дэлхийн даамын холбооны дэд мастер “Шавь”, “Ирээдүй” клубийн тамирчин Б.Энхрийлэн оюуны спортод зургаан настайдаа анх хөл тавьжээ. Өдгөө ес дэх жилдээ даамаар хичээллэж буй тэрбээр 2015 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлж, Нидерландын Хикен хотод болсон ДАШТ-д амжилттай оролцсон юм. Тэгвэл 2017 онд Польш улсын Дабки хотод зохион байгуулсан өсвөр, залуучуудын ДАШТ-ий турк даамын төрөлд тэргүүлж, дэлхийн аварга болжээ. Тус тэмцээнд Монголын баг тамирчид 100 буудалт даамын ДАШТ-ээс 22 медаль хүртсэн амжилттайгаар V байрт шалгарсан билээ. 2018 онд тэрбээр БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотод Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөлд мөнгө, рапид, блицэд тус бүр алт, 64 буудалт даамын үндсэн блицэд алт медаль хүртсэн юм. Тус тэмцээнд манай улсаас 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөж, 48 медаль өвөртлөн багийн дүнгээр дэд байрт жагссан байна. Өнгөрсөн жил Монголын даамын холбооны өсвөр үеийнхний УАШТ-д 21 аймаг, есөн дүүргийн 714 тамирчин таван төрөлд 40 багц медалийн төлөө өрсөлдөхөд Б.Энхрийлэн хоёр алт, нэг хүрэл медаль өвөртөлсөн билээ. Түүнийг “Залуус” буландаа урьж ярилцлаа.

-Монголын даамын холбооны www.lidraughts.org сайтад зохион байгуулж буй тэмцээнд өөрийг тань оролцож, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж байгаа тухай сонслоо. Хөлөг дээр ялалт хэр байгуулж байна вэ?

-Амралтын өдрүүдэд зохион байгуулдаг тэмцээний бүх насныхны ангилалд гадаадын даамчид манай тамирчидтай тоглож, ширүүн өрсөлдөөн өрнүүлж буй нь цахим дахь тэмцээнийг улам сонирхолтой болгож байгаа. Миний хувьд 1700-гаас дээш чансаатай тамирчдын 27 дахь тэмцээнд амжилттай оролцож, олон улсын их мастер Д.Баттулга ахыг хожин, III байрт шалгарсан. Хятад, АНУ, Нидерландын их мастерууд манайхантай эн тэнцүү тоглосоор байна. Даамыг цахимаар тоглох нь хөлөг дээр нүүхээс огт өөр. Хөлөг дээр бодож байж нүүдлээ оновчтой хийдэг бол дэлгэцээр тоглоход сайн харахгүйгээс болж, буруу нүүж, алдаа гаргах тохиолдол гардаг.

-П.Нармандах багшаар даамын цагаан толгой заалгаж, өсвөр үеийнхнээс цахиур хагалж гарч ирсэн та өдгөө ОУИМ Г.Ганжаргалын удирдлагад хичээллэж байна. Шавиа амжилтад хүргэх багш нарын арга барил онцлогтой биз?

-Тийм ээ. “Шавь”, “Ирээдүй” клубийн аль алинд нь хичээллэж, бэлтгэл сургуулилалтаа базаадаг. Хоёр багшийнхаа хичээл зүтгэлийн хүчинд амжилт гаргаж явна. П.Нармандах багш биднээр бодлого түлхүү бодуулдаг бол Г.Ганжаргал багш хүүхдүүдийг хооронд нь тоглуулж, туршлага солилцуулан ур чадварыг нь сайжруулдаг. Бодлого бодуулахын зэрэгцээ даамын тоглолтуудын онолыг маш сайн заадаг. Шавь нараа тэмцээнд оролцохын өмнө “Яг бэлтгэл хийж байгаа шигээ тогло. Өрсөлдөгчөөсөө эмээлгүй өөрийнхөөрөө тоглож, амжилт гаргаарай” гэж захидаг юм. Багш нар минь нээлттэй, найрсаг зантай. Биднийг зэмлэхээсээ илүү зөвлөж хэлдэг. Намайг дөрвөн настай байхад аав, өвөө минь даам анх зааж, тоглуулж сургасан. Сургуульд ороход анги удирдсан багш “Чи даам сайн тоглодог хүүхэд байна. Хотод даамын клуб олон бий. Тэднээс нэгийг нь сонгож хичээллээд ур чадвараа ахиулах хэрэгтэй” гэж зөвлөснөөр клубийн харьяалалтай тамирчин болж, хичээллэж эхэлсэн. Би одоо Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн 9д ангид сурдаг. Намайг тэмцээнээс медаль хүртэхээр ангийн нөхөд “Чи ямар олон медальтай юм бэ, бидэнд даам зааж өгөөч, тоглож суръя” гэдэг. Зарим нь заалгасан ч дундаас нь шантраад орхисон тал бий. Би даамаар хичээллэхээс хэзээ ч шантардаггүй. Гэрийнхэн минь бүх талаар дэмждэг болохоор амжилт гаргаж байгаа. Даамаар есөн жил хичээллэхдээ УАШТ-д тав, Азийн АШТ-д дөрвөн удаа түрүүлж, Польшид болсон ДАШТ-ий турк даамын төрөлд тэргүүлэн дэлхийн аварга болсон.

-Тэмцээнд оролцсон тамирчин болгон дэлхийн аварга болдоггүй. Польшид болсон ДАШТ-ий тухай ярилцъя.

-Тэр ДАШТ-д эзэн орны тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Түүнтэй хөлөг дээр сонгодог байрлалаар дөрвөн цаг тоглосон. Бидэнд нэгнийгээ ялах тийм ч амар байгаагүй. Миний хувьд онолын нүүдлээр илүүрхэж хожсон. Турк даамын төрөлд дэлхийн аварга болчихоод хамгийн түрүүнд П.Нармандах багштайгаа баяраа хуваалцаж билээ. Тэгтэл миний дараахан Монголын даамчдаас Б.Баярманлай мөнгөн медаль хүртэв. Энэ төрөлд Монголын тамирчид эхний хоёр байрыг эзэлсэнд үнэхээр их баярласан. Намайг медалийн тавцанд шагналаа авахаар гарахад манай даамчид далбаагаа бариад Төрийн дууллаа хамт дуулсан тэр мөч мартагдахааргүй дурсамж болж үлджээ. Тамирчин хүн тэмцээнд өрсөлдөгчөөсөө олон зүйлийг олж хардаг. Европ, Азиас Якутын даамчид маш хүчтэй өрсөлддөг. Тэд тун няхуур . Бодож, төлөвлөж байгаад л нэг оновчтой нүүдэл хийнэ. Даамын үндсэн төрлөөр сайн тоглодог хэрнээ блиц (хурдан) тоглолтод амжилт нэг их гаргадаггүй. Би турк даамыг өөрийнхөө сонирхлоор сурсан юм. Азийн АШТ-д энэ төрлөөр оролцоход их сонирхолтой санагдсан. Турк даам тухайн улсын үндэснийх нь спорт. Тэмцээнд тоглож байхдаа Туркийн өсвөр насныхан өөрийн улсын даамаар төдийлөн хичээллэдэггүйг анзаарсан. Намайг эх орондоо ирэхэд өвөө, эмээ, гэрийнхэн минь хадаг сүүтэй угтаж, баярын нулимстай үнсэхэд сэтгэл өөрийн эрхгүй огшсон шүү.

БИ БАГАДАА ХОЖИГДЧИХООД ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ӨӨДӨӨС ИНЭЭДЭГ БАЙЛАА

-Би өсвөр насны олон тамирчинтай уулзсан. Гэхдээ УАШТ-д тав, Азийн АШТ-д дөрвөн удаа түрүүлж, дэлхийн аварга болсонтой нь одоо л яриа өрнүүлж байна.

-БНХАУ, Тайланд, Узбекистан улсад зохион байгуулсан Азийн АШТ-д амжилттай оролцож, аварга болж байлаа. 2014 онд Азийн АШТ-д анх удаа оролцохдоо П.Нармандах багштайгаа хамт явсан. Дараагийнх нь Тайландад болоход Хятад, Казахстаны шилдэг тамирчидтай таарсан. Азийн АШТ-д өрсөлдөхөд миний олон улсын чансааны оноо 1995 байв. Би одоо Монголдоо 35-д жагсдаг. Монголчууд оюуны спортоос ой тогтоолт, шатар, даам, соробан сампингаар дэлхийд тэргүүлж эхэллээ. Сүүлийн үед хятадууд даамын сайн тамирчид бэлтгэхийн тулд гадаадын өндөр чансаатай, алдартай тамирчдыг эх орондоо урьж ажиллуулж байна. Миний хувьд их мастер цолтой ах тамирчидтайгаа тоглон хожихдоо хожиж, ялагдахдаа ялагдаж байсан минь их туршлага болдог. Тэдэнтэйгээ тоглож байсан арга барилаар гадаадын тамирчдыг хөлөг дээр хожиж байсан удаа олон.

-Тэмцээнд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, “тулаанд” өрсөлддөг вэ?

-Их мастер цолтой тамирчид сэтгэл догдлолоо тэмцээнд аль болох харуулдаггүй. Харин өсвөр насны тамирчдаас нүүрний хувирал их ажиглагддаг. Хожих дөхөхөөрөө босож гүйнэ, тоглолт дуусаагүй байхад түрүүлсэн мэт баярлаж хөөрнө. Зарим нь хожигдох дөхөхөөрөө шарандаа уйлна. Миний хувьд сэтгэл догдлол багатай. Би багадаа хожигдчихоод өрсөлдөгчийнхөө өөдөөс инээдэг байлаа. Хэдий тэмцээн ч гэлээ өрсөлдөгчөө хүндлэх хүндлэл тамирчдад байх ёстой. Намайг тэмцээнд амжилттай оролцоход өвөө, эмээ минь их баярладаг. Азийн АШТ-ээс медаль хүртчихээд тэдэнтэйгээ утсаар ярихад баярлаад уйлж байгаа нь сонсогдсон. Намайг аваргын төлөө тоглож байгааг манайхан амьсгаа даран үздэг гэсэн. УАШТ-д тоглочихоод гарч ирэхэд эмээ өөдөөс “Чамайг яаж байгаа бол сэтгэл догдолж суулаа” гээд ирж байсан удаатай. Хэдий тэмцээнд оролцоогүй ч гэсэн гэрийнхэн минь даамын хөлөг дээр сэтгэлээрээ надтай хамт байдаг. Миний хувьд олон тэмцээнд оролцдог болохоор хожсон ч учиргүй баярлахгүй, хожигдсон ч сэтгэлээр унахгүй болсон.

…Жүдо, бокс бие бялдрын хөгжилд сайн байдаг шиг даам зан чанарт эергээр нөлөөлдөг юм. Даам тоглоход ганц нүүдэл хийдэггүй, нүүдэл хийх болгонд олон талаас нь харьцуулан бодож, хожихын төлөө ухаан зарна. Энэ бүхэн амьдрал, ажилд хандах хандлагад минь хүртэл анзаарагддаг…

-Даам тоглодог хүн тайван, хүлээцтэй байдаг. Энэ хандлага амьдралынх нь шийдвэрт хүртэл нөлөөлдөг нь анзаарагдсан.

-Спорт хүнийг хүмүүжүүлж, бас хөгжүүлдэг. Даамын спорт сэтгэн бодох чадварт сургадаг. Оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүд муу суралцаж байхыг хараагүй. Шатар, даам анхаарлаа төвлөрүүлж тоглохыг шаарддаг болохоор эхлээд сууж сурдаг. Юмыг олон талаас нь харьцуулан бодох гүйлгээ ухаан хөгжүүлдэг. Аливаа асуудалд нухацтай хандан, эргэлзэхгүй зөв шийдвэр гаргадаг болно. Жүдо, бокс бие бялдрын хөгжилд сайн байдаг шиг даам зан чанарт эергээр нөлөөлдөг юм. Даам тоглоход ганц нүүдэл хийдэггүй, нүүдэл хийх болгонд олон талаас нь харьцуулан бодож, хожихын төлөө ухаан зарна. Энэ бүхэн амьдрал, ажилд хандах хандлагад минь хүртэл анзаарагддаг.

-Гадаад, дотоодын тэмцээнээс хүртсэн медаль чинь тоогоо алдсан байх. Шагналуудаа харахаар тэмцээн дээрх үйл явдлууд нүдэнд тань харагддаг уу?

-Тэмцээнээс хүртсэн миний медалиуд хоёр тууз болсон. Тоолж үзээгүй ч 100 хол давсан байх аа. Нэгдүгээр ангид байхдаа сургуулийнхаа даамын АШТ-д оролцож, III зэрэг хүртсэн юм. Тэр шагнал надад медалийн хур хайрласан. Би одоо Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой. Энэ цолыг 2016 онд Монголд зохион байгуулсан Азийн АШТ-д түрүүлээд хүртэж байлаа. Томоохон тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн тамирчинд балл өгдөг. Гурван баллаар Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүлдэг юм.

-Сурагчид сургууль, багш, ангийн нөхдөө их үгүйлж байгаа нь анзаарагдсан. Чөлөөт цагаа хэр үр дүнтэй өнгөрүүлж байна вэ?

-Чөлөөт цагаараа цахимд өдөр бүр зохион байгуулдаг даамын тэмцээнд оролцож байна. Миний гадаад чансаа одоогоор 1700-гаас дээш. Өөрөөсөө чансаа өндөр тамирчинтай тоглоод хожвол өснө, хожигдвол буурдаг. Тэгэхээр гадаад чансаагаа буулгахгүйгээр аль болох ахиулах хэрэгтэй. Хааяа гадаадын тамирчдын өргийг сонирхож судалдаг. Хамгийн сүүлд Хятадын тамирчны надтай тоглосон өргийг нь судаллаа. Завтай үедээ даамын бодлого, онолын бэлтгэлээ Lidraughts апликэйшнээс хараад хийдэг. Шатар, даам тоглодог хүүхдүүд математик, физик, геометрийн хичээлд сайн байдаг. Даам зөвхөн тэмцээнд ч гэлтгүй олон зүйлд хэрэг болдог талтай.

-Энхрийлэн нэртэй эрэгтэй хүүхэд ховор. Өөрийн тань нэрийг анх сонсчихоод эмэгтэй тамирчинтай ярилцах нь дээ гэж бодож байлаа.

-Миний нэрийг ээж минь хайрласан гэдэг. Ээжээсээ “Та надад яагаад ийм нэр өгсөн юм бэ” гэж асуух үе байлаа. Тэмцээнд тоглож байхад хүмүүс нэрийг минь сонсчихоод их гайхдаг. Сургуульд орж байхад хүүхдүүд шоолох маягтай байдаг байсан бол одоо даамаар амжилт гаргадгийг минь мэдээд хүндэлдэг болсон. Гадаадын тэмцээнд оролцохоор очиход нэрийг минь харчихаад “Эмэгтэй юү, эрэгтэй юү” гэж асуудаг юм. Даамын тамирчид дунд миний нэр их содон сонсогддог. Энхрийлэн нэр надад аз, амжилт, алдар нэр аль алийг нь авчирсан. Энэ ташрамд, даам тоглож сурч байгаа хүүхдүүдэд хандан шантрахгүй, тууштай байгаарай. Багшийнхаа зааснаар бэлтгэл сургуулилалтаа сайн хийхэд хэзээ нэгэн цагт амжилтаас атгасан байна. Тиймээс одоо цахимд болж байгаа тэмцээнийг сонирхож сайн үзээрэй. Оюуны спортод амжилт гаргахад өөрийн тань хичээл зүтгэл, тэсвэр хатуужил их нөлөөлдөг юм шүү гэж хэлье.

Ярилцсан Г.Батцэцэг (“Өнөөдөр” сонин)