Д.Эрдэнэбилэгийн ээлжит ялалт

947

Монголын даамын холбооны чансаа оноо олгох тэмцээн гуравдугаар сарын 11-нд Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Түргэн тоглолтын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд нийт нийтдээ 164 тамирчин өрсөлдөж, швейцарь системээр 9 өрөг тоглов.

Дүн гарахад ОУИМ Д.Эрдэнэбилэг 16 оноогоор түрүүлж, ОУИМ Г.Ганжаргал 15, ДДХМ С.Даваадорж 15, ДДХМ Ц.Хашчулуун 14, спортын мастер Ц.Чинзориг 14 оноогоор удаалсан юм. Эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Хүслэн 13 оноогоор тэргүүлж, ДДХМ Г.Хэрлэнмөрөн 13, ДДХДМ Г.Дүүрэнбилэг 13, спортын мастер Г.Анужин 13, ДДХМ Б.Нандинцэцэг 13 оноогоор шагналт байр эзэлсэн юм.

Тэмцээний ахмадын ангилалд Л.Гансүх, Р.Цэнд нар, өсвөрийн U-10 насанд охидоос Ц.Мягмарсүрэн, хөвгүүдээс Г.Баярбаясгалан, U-13 насанд охидоос Н.Налжормаа, хөвгүүдээс Б.Баярманлай, U-17 насанд охидоос Б.Мишээл, хөвгүүдээс Б.Пүрэвбаатар нар тэргүүлсэн юм.

МДХ-ны чансааны оноо олгох ээлжит цуврал дөрөвдүгээр сарын 13-15-нд болох “Шашки” сэтгүүлийн нэрэмжит зуун буудалт даамын бодлого бодолтын 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит тэмцээнээр үргэлжлэх юм.