С.Мөнх-Оргил: Турк даамын ДАШТ-д гурван жил дараалан түрүүлснээрээ бахархдаг

733

Энэ жил даамын өсвөр үеийн УАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртсэн “Хасу Мегастарс” клубийн тамирчин С.Мөнх-Оргилыг “Шинэ танил” онцоллоо. Турк даамын ДАШТ-д сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн тэрбээр Азийн АШТ-ий зургаан медальтай. Өдгөө 14 настай С.Мөнх-Оргил улсдаа чансаагаараа 35 дугаарт эрэмбэлэгдэж байна. Нийслэлийн 56 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг тэрбээр даамын бэлтгэлээ сайн хийх, тэмцээнд оролцохын тулд Улаанбаатар хотод хоёр эгчтэйгээ амьдардаг юм. Өмнөговь аймагт байгаа аав, ээжийгээ санадаг ч зорилгодоо хүрэх гээд эрмэлзэл дүүрэн явна.

-Түрүүлсэн дөрвөн төрлөөс аль нь хамгийн өрсөлдөөнтэй байв?

-Би УАШТ-д найм дахь удаагаа оролцон, зуун буудалт болон турк даам, блиц, түргэн тоглолтын төрөлд алтан медаль хүртсэн. 64 буудалт даамын төрөлд оюунаа сорьсон ч амжилт гаргаж чадсангүй. Хамгийн өрсөлдөөнтэй нь зуун буудалт даамын үндсэн төрөл байлаа. Надтай 52 даамчин өрсөлдсөн. Би найм хожин, нэг тэнцсэнээр түрүүлэх болзол хангалаа. Дорноговь аймгийн даамчин Түвшинтэй тэнцсэн. Тэмцээний өмнөх бэлтгэлээ Дэлхийн даамын холбооны мастер Хашчулуун дасгалжуулагчийн удирдлагад долоо хоногийн хугацаанд базаалаа. Энэ жилийн УАШТ зохион байгуулалт сайтай, өрсөлдөөнтэй болсныг нь онцолъё.

-Мөнгөн медаль хүртсэн Лувсандоржтой эн тэнцүү өрсөлдсөн. Түүнтэй ямар тактикаар тоглосон бэ?

-Лувсандоржтой дөрөв дэх өрөгт тоглосон юм. Эхнээс нь довтлон, төвийг нь булааж өрсөлдөх тактик боловсруулсан. Түүнийхээ дагуу тоглоод хожлоо.          

-Өмнө нь УАШТ-ээс ийм олон медаль хүртэж байв уу?

-Өнгөрсөн жил дөрвөн алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг авсан. УАШТ-ээс 2015 онд хоёр алт, 2016 онд алт, мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Одоогоор УАШТ-ий үндсэн төрөлд хоёр, бусдад нь найман удаа түрүүлээд байна. Турк даамын ДАШТ-д гурван жил дараалан түрүүлснээрээ бахархдаг. Зуун буудалт даамын ДАШТ-д таван удаа оролцохдоо VI байрт шалгарснаас өөр амжилт гаргаж чадаагүй.

-Тэмцээнд Өмнөговь аймгийг төлөөлөн оролцсон. Хотод хэзээ шилжиж ирсэн юм бэ?

-Би Ханбогд суманд төрсөн. Аав, ээж хоёр минь нутагтаа амьдардаг. Өмнө нь Өмнөговь аймгаас ирж тэмцээнд оролцдог байлаа. Сургуулиасаа чөлөө авах, хичээлийн хоцрогдол хамгийн хэцүү. Бэлтгэлээ сайн хийх, тэмцээнд идэвхтэй оролцохын тулд Улаанбаатар хотод 2013 оноос хоёр эгчтэйгээ хамт амьдарч байна.

-Даамын спортоор 2009 оноос хичээллэж байгаа юм билээ. Эл спортоор хичээллэхэд  юу нөлөөлөв?

-Ер нь багаасаа дуртай. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг нь надад таалагддаг. 2013 оноос хойш Их мастер Баттулга багшийн удирдлагад бэлтгэлээ базааж ирлээ.

-Тамирчин бүхэн өөр өөрийн гэсэн тоглолтын хэв маягтай. Ямар тактикаар тоглохыг илүүд үздэг вэ?

-Тоглолтын эхэнд хамгаалж байгаад төгсгөл хэсэгт довтолдог.

-Тоглохыг хүсдэг тамирчин бий юү?

-Байсаан. Би дэлхийн есөн удаагийн аварга, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, ОХУ-ын тамирчин Александр Георгиевтой тоглохыг хүсдэг байсан маань өнгөрсөн жил Монголд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр биелсэн. Мэдээж би хожигдсоон (инээв).

-Насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд оролцдог уу?

-Өрсөлддөг. Монголын бүх шилдэгтэй оюунаа сорьсон. Д.Баттулга багшийгаа нэг удаа хожсон, Р.Манлай мастертай тэнцсэн.

-Даамчин бүхэн тив, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Ойрын зорилго тань юу вэ?

-Зуун буудалт даамын төрөлд өсвөрийн дэлхийн аварга болох нь миний ойрын зорилт.

Ирээдүйд барилгын инженер болохыг мөрөөддөг С.Мөнх-Оргил ярилцлагынхаа төгсгөлд Өмнөговь аймгийн Засаг дарга Наранбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга Түвшинбаяр болон Монголын даамын холбооны хамт олонд баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.