Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубтэй хамтран 2016 оноос эхлэн Дээд лигийн чансааны оноо олгох тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй энэхүү цуврал тэмцээний түүхэнд анхны 1000 оноот тамирчин тодорлоо. Тодруулбал Ази тивийн 5, Монгол Улсын 13 удаагийн аварга, “Шинэ Монгол” сургуулийн тамирчин Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 1032 оноо цуглуулж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон байна. Тэрбээр дээрх хугацаанд нийт 28 тэмцээнд оролцохдоо 11 тэмцээнд түрүүлж, 3 удаа хоёрдугаар байр, 4 удаа гуравдугаар байр, 2 удаа дөрөвдүгээр байр, 4 удаа тавдугаар байр, 1 удаа зургадугаар байр, 2 удаа наймдугаар байр, 1 удаа есдүгээр байр эзэлжээ. Түүний араас ОУИМ Г.Ганжаргал 966, Р.Манлай 765, ДДХМ Ц.Хашчулуун 759, Ц.Сүхбат 687, С.Даваадорж 641 оноотой удаалж явна.
Бүх насны тамирчид өрсөлддөг Дээд лигийн цуврал тэмцээнд тамирчдын үзүүлсэн амжилтад нь харгалзах чансааны оноо олгож, улмаар тухайн жилийн төгсгөлд хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогчийн дунд “Оны шилдэг даамчин”-ыг тодруулах өндөр шагналын сан бүхий тэмцээн зохиодог уламжлалтай. Оноо олгох журмыг тодруулбал блиц, рапид тэмцээнд эхний 10 байр эзэлсэн тамирчдад 30, 26, 24, 22, 20, 18, 16, 14, 12, 10 оноо, оролцсон тамирчдад 5 оноо өгдөг бөгөөд стандарт цагаар зохиогдсон тэмцээнд дээрх оноог хоёр дахин үржүүлж оноо олгох юм. Харин эрэгтэй, эмэгтэй тамирчид тусдаа тоглосон тохиолдолд эмэгтэйчүүдийн оноог 70%-иар тооцож олгодог юм.