“Измир 2019” төгсгөлийн 9-р тойрог

886

ДАШТ-ий үндсэн төрөлд Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртлээ. ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор охидын 11-13 насны ангилалд түрүүллээ. ОХУ-ын Сандаара Апросимова түүнтэй адил оноотой тэмцээнээ дуусгасан ч коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр манай тамирчин алтан медалийн болзол хангасан юм.

Залуучуудын ангилалд өрсөлдсөн “ганц дайчин” ДДХМ М.Шийравжамц маань ганцдсангүй, урамтай сайхан тоглосоор мөнгөн медаль зүүсэн. Түүний гол өрсөлдөгч болох Якутын Анатолий Протодяконов сүүлээсээ өмнөх өрөгт бүдэрсэн ч төгсгөлийн тавилдаа алдаагаа залруулж, Суринамын Bhagwandas, Arwien-ийг хожин, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртлээ. Ийнхүү Протодяконов өсвөр, залуучуудын U-11, U-14, U-17, U-20 насны бүх ангилалд түрүүлсэн анхны бөгөөд цорын ганц даамчин болон түүхэнд тэмдэглэв.

Энэ жилийн Ази тивийн насанд хүрэгчдийн аварга ОУИМ Б.Мишээл маань бэлтгэл сайтай байгаагаа харуулж, нас өгсөн тоглосон хэдий ч залуучуудын ангилалд хүрэл медаль хүртсэн. Тэрбээр тэмцээний тавдугаар тойрогт энэ жилийн Европын залуучуудын аварга, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубовичийг хожсон нь олны анхаарлыг эрхгүй татсан юм.

С.Мөнх-Оргил, Б.Анужин, Б.Мөнхжин, Б.Сүхбат, С.Болор, Н.Лхагвадолгор, М.Нарантуяа, Б.Лхагватогтох, Э.Даариймаа нар насны ангилалдаа эхний 10 байрт шалгарсан. Эдгээрээс ДАШТ-д анх удаа оролцохдоо медалийн оосроос атгаад алдсан Э.Даариймаа, нас өгсөн өөрөөсөө 3-4 насаар эгч охидтой маш сайн тоглож +2 оноо авсан М.Нарантуяа нарыг онцлууштай.